Жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр”-ийг тэмдэглэдэг.
НҮБ-аас 2026 оны энэ өдрийг “Ургамлын биоаюулгүй байдал нь хүнсний аюулгүй байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Ургамлын эрүүл мэндийг хамгаалах нь хүнсний аюулгүй байдлыг хангах, тогтвортой газар тариаланг хөгжүүлэх, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах стратегийн чухал ач холбогдолтой юм.
Өнөөдөр дэлхийн хүнсний 80 гаруй хувийг ургамлын гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байгаа ч ургамлын өвчин, хөнөөлт организм, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ургацын алдагдал нэмэгдэж байна. Иймээс ургамлын биоаюулгүй байдлыг хангаж, шинжлэх ухаанд суурилсан ургамал хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь улс орны тогтвортой хөгжлийн чухал зорилт болж байна.
Монгол Улсын Засгийн газар 2025 онд Ургамал хамгааллын газрыг байгуулж, хүнсний аюулгүй байдал, тогтвортой газар тариалан, ургамал хамгааллын бодлогыг шинэ шатанд гарган ажиллаж байна. Мөн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, залуу мэргэжилтнүүдийг дэмжих, судалгаа инновацыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч байна.
2025 оны 3 дугаар сараас 2026 оны 4 дүгээр сарын байдлаар ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 183.5 мянган тоннд хүрч, рапс, тэжээлийн өвс, хивэг зэрэг бүтээгдэхүүний экспорт тогтвортой өсөж буй нь газар тариалангийн салбарын хөгжил, экспортын боломж өргөжиж байгааг харуулж байна.
Ургамал хамгааллын газар энэ өдрийг тохиолдуулан “Ургамлын эрүүл мэнд-Ногоон ирээдүй” мод тарих өдөрлөг, хүүхэд багачуудад зориулсан экологийн боловсролын сургалт, оюутан залуусын оролцоог дэмжсэн олон талт арга хэмжээг зохион байгуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Ургамлын эрүүл мэндийн олон улсын өдөр тохиож байна | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.