Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, С.Замира нар оролцсон юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэвлэлийн бага хурлын эхэнд хэлсэн үгэндээ, салбарын сайдаар томилогдсон 40 гаруй хоногийн хугацаанд тус яамнаас эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 10 орчим хуулийн төслийг боловруулж байгаа бөгөөд өнөөдөр эхний хууль нь эцэслэн батлагдаж буйг онцлон тэмдэглэв.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль нь энэ чиглэлд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнд чухал ач холбогдолтой. Тухайлбал, Монгол Улсад өнөөдөр 110 гаруй үнэлгээ хийдэг тусгай зөвшөөрөлтэй компаниуд байдаг бөгөөд тэдгээр нь том, жижиг гэлтгүй бүх төсөл, хөтөлбөрүүдэд үнэлгээ хийдэг байсан юм. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багатай төслүүдээс эхлээд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын томоохон төслүүдэд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүдийг 150-200 орчим хоногийн хугацаанд хийдэг байсан нь аж ахуйн нэгжүүдэд хүнд суртал болдог байсан юм гэлээ.
Хууль батлагдсанаар төсөл, хөтөлбөрүүдийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс нь хамаараад гуравдугаар зэрэглэлийн буюу үсчин, гоо сайхан, автомашин угаалгын үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүд үнэлгээ хийх шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд мэдэгдлээ өгөөд л үйл ажиллагаагаа эрхэлдэг болж байна. Ингэснээр тус яаман дээр үнэлгээ хийдэг, тайлан хэлэлцүүлдэг, нягталж магадлан баталгаажуулдаг төрийн хүнд суртал 30 орчим хувиар буурч байна. Энэ нь эргээд эдийн засаг дахь төрийн оролцоо 30 орчим хувиар буурч байгаа хэрэг гэдгийг Ц.Сандаг-Очир сайд мэдээлэлдээ онцолсон.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Уянга:
-Байнгын хороо Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны 2025 оны 19 тоот тогтоолоор байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажилласан.
Энэ хууль нь байгаль орчны салбарын томоохон хуулиудын нэг. Хуулийн хүрээнд байгаль орчинд үзүүлж байгаагаа сөрөг нөлөөллөөр нь төсөл, хөтөлбөрүүдээ гурван зэрэглэлд ангилсан. Гуравдугаар зэрэглэлд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бага атлаа нарийвчилсан үнэлгээг хийлгэх гэж 2-3 жил саатдаг байсан төслүүд хамаарч байгаа юм. Эдгээр төслүүдэд автомашины зогсоолууд, төвийн шугамд холбогдсон үйлчилгээний төв, авто угаалга, үсчин, гоо сайхан, рентген аппаратууд ашигладаг эмнэлэг, эмийн сан, их, дунд, их, дээд, дунд сургууль, алт мөнгөний дархан, гар урлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдүүд хамрагддаг. Хуулийн хүрээнд эдгээр үйл ажиллагааг эрхлэхэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэн, хуулийн этгээд мэдэгдэл өгснөөр үйл ажиллагаагаа эхлэх эрхийг нь олгож байна.
Харин хоёрдугаар зэрэглэлд аймаг, нийслэлийн засаг даргын хэмжээнд нь байгаль орчны ерөнхий үнэлгээ нь хэлэлцэгдээд ажил нь эхлэх төслүүдийг хамааруулах зохицуулалтыг тусгасан. Гэхдээ Байгаль орчны газраараа дамжуулаад салбарын яам нь ерөнхий хяналтаа тавих, эрх хэмжээ нь хэвээрээ үргэлжилж байгааг онцолж хэлье.
Нэгдүгээр зэрэглэлд хамаарах төслүүдийн хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ хийлгээд салбарын яам нь эцэслэн шийдвэрлэдэг зохицуулалт хэвээр байгаа гэж байлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Маш чухал хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл цагаа олж батлагдлаа. Үргэлжлүүлээд Ойн тухай, Усны тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай, Байгалийн ургамлын тухай, Генетик нөөцийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслүүд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Эдгээр хуулийн төслүүдийг ирэх намрын чуулганы хугацаанд багтаан батлуулах тооцоо, судалгаатайгаар салбарын яамтайгаа Байнгын хороо хамтраад ажиллаж байна гэж байлаа. Мэдээллийн төгсгөлд гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.