Шууд Chart

Усны үйлчилгээний шинэчлэлд зорилтот өрхийг дэмжих бодлогыг хамтран хэрэгжүүлнэ

2026-05-25 12:22:46

Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өнөөдөр /2026.05.25/ АНУ-ын Мянганы сорилтын корпорацын (МСК) Суурин захирал Тина Юү, Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс нарын тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

АНУ-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ус хангамжийг шийдсэн төсөл 5 жилийн хугацаанд (2021-2026) амжилттай хэрэгжиж дууслаа.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын усан хангамжийг баталгаатай болгох, усны мега төслийг хэрэгжүүлсэн. Мөн гэр хорооллын 180 гаруй худгийг автоматжуулснаар иргэд цагийн хязгаарлалтгүйгээр ус авах боломж бүрдэв.

Усны тарифын өсөлт бага орлоготой өрхүүдэд хэрхэн нөлөөлөхийг ҮСХ-той хамтран судалж, судалгааны үр дүнд үндэслэн нийгмийн хамгааллын бодлогыг хамтран боловсрууллаа. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх” бодлоготой бүрэн нийцэж байна.

Энэ асуудлыг Нийгмийн халамжийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусган, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамт олонд талархал илэрхийлж, Нийгмийн хамгааллын салбарт бодлогын шийдлүүдийг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Шэрон Рожерс, Цогтсайханы Уянга нарт “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” тэмдэг, үнэмлэхийг гардууллаа.

Шэрон Рожерс (АНУ-ын МСК-ын захирал): 2018 оноос хойш 9 жил Монголын Усны Компактыг хөгжүүлэх, санхүүжилтийг батлуулах болон нийгмийн хамгааллын хүртээмжийн бодлогыг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан.
Цогтсайханы Уянга (Монголын МСС-ийн ахлах мэргэжилтэн): Усны салбар дахь нийгмийн хүртээмж, бага орлоготой иргэдэд үзүүлэх үр нөлөөг нарийвчлан судалж, реформын ажлуудыг хариуцлагатай зохион байгуулж, нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байсан мэргэжилтэн юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Усны үйлчилгээний шинэчлэлд зорилтот өрхийг дэмжих бодлогыг хамтран хэрэгжүүлнэ  
Үзсэн: 84 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй