Шууд Chart

Монгол, Вьетнамын хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна

2026-05-26 09:50:01

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны “Морьт цагдаагийн хороо”-ны төлөөлөгчдийг өнөөдөр (2026.05.21) Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хууль сахиулах болон аюулгүй байдлын салбарт идэвхтэй хөгжиж, бодит үр дүнд хүрч байгааг талууд онцлон тэмдэглэв.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яамны Хөдөлгөөнт цагдаагийн дэд командлагч, хурандаа До Диен Туй тус улсад “Морьт цагдаагийн хороо”-г үүсгэн байгуулахад Монголын талаас үзүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд монгол адууны тэсвэр хатуужил, ухаалаг байдал, орчин нөхцөлд дасан зохицох чадвар нь морьт цагдаагийн албаны үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой байгааг онцоллоо.

Мөн нүүдэлчин ахуй, адууны өв соёлыг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулагдах “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Вьетнамын талд нэр төртэй үүрэг гүйцэтгэсэн зарим адууг эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотой бэлтгэл ажлын талаар талууд санал солилцов.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хооронд 2020 онд байгуулсан “Хамтран ажиллах тухай протокол”-ын хүрээнд Вьетнамын талд 102 толгой адууг хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 159 толгойд хүрч өссөн байна.

Уулзалтын төгсгөлд талууд морьт цагдаагийн чиглэлээр туршлага солилцох, алба хаагчдыг сургаж дадлагажуулах, мэргэжил, арга зүйн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр улсын хууль сахиулах байгууллагуудын харилцааны чухал хэсэг болохыг онцолж, цаашид найрсаг хамтын ажиллагааг улам бэхжүүлэд бэлэн байгаагаа харилцан илэрхийллээ гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Монгол, Вьетнамын хууль сахиулах байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй