Шууд Chart

Харааны бэрхшээлтэй иргэдийн тоо 14800-д хүрчээ

2014-10-09 16:44:55

“Олон улсын хараа хамгаалах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамнаа боллоо. Хуралд Эрүүл мэндийн яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцлоо. 

Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байдгаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай байна. Бүх хараа муудалтын 80 хувь нь зайлсхийж болох сохрол, хараа муудалт байдаг. Дэлхий даяар хараа алдалтын үндсэн шалтгаан катаракт боловч засагдаагүй рефракцийн гажиг сул харааны гол шалтгаан болж байна. Иймд хүн амын дунд ДЭМБ-аас гаргасан “VISION2020” зайлсхийж болох сохролтой тэмцэх уриалгыг бүх нийтэд гаргасан. 

Манай Монгол улсын хувьд 2013 оны тоон мэдээллээр харааны бэрхшээлтэй 14 800 гаруй хүн байгаагаас тав хүртэлх насны 314, 6-15 насын буюу сургуулийн насны хүүхдүүд 1209, 16-35 насныхан 3384, 60-аас дээш насны 3903 хүн байна. Хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх таван өвчинд нүдний эмгэг багтаж цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татсан асуудал болоод байна. 

Техник, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, Ipad зэргээр хараа хяналтгүй тоглуулснаас болж харааны сулралтай хүүхдийн тоо нэмэгдэж байгааг эцэг, эх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна. 

Манай улс дэлхийн хараа хамгаалах өдрийг (WSD) жил бүрийн аравдугаар сарын  хоёр дахь Пүрэв гарагт Зайлсхийж болох сохрол ба сул харааг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Энэ жилийн хараа хамгаалах өдрийг угтан Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран нүдний эрсдэлт бүлгийн хүмүүст чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг шинжилгээнд хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Харааны бэрхшээлтэй иргэдийн тоо 14800-д хүрчээ  
Үзсэн: 5430 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй