Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жанжутай “Ядуурлыг бууруулах ба хөгжил” дээд түвшний форумын үеэр хүндэт зочны хувиар уулзлаа.
Тус форумыг “Ядуурлыг бууруулах дэлхийн хүчин чармайлтыг нэгтгэх нь” сэдвийн хүрээнд 2026 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улс санаачлан Бээжин хотноо зохион байгуулж байна.
Уулзалтын эхэнд сайд Т.Аубакир НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг дэмжих, сэдэвчилсэн судалгаа хийх, бодлогын зөвлөмж боловсруулах, гишүүн орнуудын хүний нөөцийн солилцоо болон чадавх бэхжүүлэх чиглэлээр БНХАУ-ын хуримтлуулсан арвин туршлага, мэдлэгээс суралцах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр мөн хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, мал аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэх, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, албан бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нь ядуурлыг бууруулах бодлогын салшгүй хэсэг болохыг онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын ядуурлыг бууруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн амжилттай туршлагыг нутагшуулах, хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны таатай нөхцөл бүрдсэнийг тэмдэглэв.
БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Жанжу газрын тогтвортой менежмент, хөдөөгийн хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, иргэдийн амьжиргааг бэхжүүлэх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжтойг онцлов. Мөн форумд оролцож буй төлөөлөгчдийн хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг дэвшүүлэн ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


| Ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.