Норвегийн өмнөд эргийн ойролцоох Скагерракийн хоолойгоос XVIII зууны үед живсэн байж болох хөлөг онгоцны үлдэгдэл илэрч, археологичид Хятадын шаазан болон Европт үйлдвэрлэсэн эд өлгийн зүйлсийг гарган авчээ.
Энэ талаар Норвегийн Засгийн газар, Далайн музей 2026 оны зургаадугаар сарын 1-нд олон нийтэд мэдээлсэн юм байна. Олдворыг саяхан илрүүлсэн гэж мэдээлсэн ч яг анх олсон өдрийг тодорхой заагаагүй байна.
Норвегийн Далайн музейн мэдээлснээр, нэр нь тодорхойгүй уг дарвуулт хөлөг онгоц 1700-аад оны дунд үед живсэн байх магадлалтай. Хөлөг ойролцоогоор 600 метрийн гүнд байсан бөгөөд аврах ажиллагааны компанийн эзэн анх илрүүлжээ.
Хөлгийн үлдэгдлээс цэнхэр, цагаан өнгийн хээтэй Хятадын шаазан аяганууд, Европын хундага, нэхмэл эдлэл, үр тариа, лааны суурийн хэсгүүд зэрэг олон төрлийн олдвор гарчээ. Эдгээр нь тухайн үеийн далайн худалдаа, Европ, Азийн хоорондын бараа солилцооны талаар шинэ мэдээлэл өгөх боломжтой гэж судлаачид үзэж байгаа гэнэ.
Норвегийн Уур амьсгал, байгаль орчны сайд Андреас Бьелланд Эриксен уг олдворыг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, усан доорх археологийн технологийн хөгжилд чухал алхам болсон хэмээн үнэлжээ.
Одоогоор хөлөг онгоц хаанаас хаашаа явж байсан, ямар улсынх болох нь тодорхойгүй. Музейн мэргэжилтнүүд олдворууд болон хөлгийн үлдэгдлийг нарийвчлан судалж, түүхэн гарал үүсэл, аяллын чиглэлийг тогтоохоор ажиллаж байна.
Судлаачдын үзэж буйгаар, Скагерракийн хоолойгоос илэрсэн энэ олдвор нь XVIII зууны далайн худалдаа, тансаг хэрэглээний барааны тээвэрлэлт, усан доорх өвийн судалгаанд үнэ цэнтэй баримт болох юм.
| Норвегийн эргээс XVIII зууны хөлөг онгоцны үлдэгдэл бүхий үнэт олдворууд илэрчээ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.