УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут 6 дугаар сарын 4-ний өдөр БХЯ-ны харьяа байгууллагууд, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, удирдах газар болон нэгтгэл, анги, салбарын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Хурлын эхэнд салбарын сайд Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийх болсныг мэдэгдэв. Тэрээр сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг сэтгэл зүйн сорилттой уялдуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сэтгэл зүйн сургалтыг өргөжүүлэх мөн үүргээ сайн гүйцэтгэж буй алба хаагчдыг урамшуулах тухай онцлов.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ “Нэгдүгээрт, цэргийн алба бол сахилга хариуцлагын зөрчилгүй орчин байх ёстой. Цэргийн тангаргийн утга учир үүнд оршдог. Сахилгын зөрчилгүй хамт олныг онцгойлон дэмжинэ. Сэтгэл зүтгэлтэй удирдлага, алба хаагчдын ажил газар дээрээ илт харагддаг. Хоёрдугаарт, удирдах албан тушаалтныг томилохдоо биеэ удирдах чадвар, бусдад үзүүлэх эерэг нөлөөлөл, сэтгэл зүйн тогтвортой байдлыг нь сорилт, тестээр тандан тогтоож байж шийдвэрлэх болно.
Гуравдугаарт, энэ онд ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн дээд сургууль болон гадаадын цэргийн сургуулийг төгсөж буй шинэхэн офицер, дэслэгч нарыг бүгдийг нь Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудад хуваарилж, хугацаат цэргийн алба хаагчидтай ажиллуулж сургана.
Төв суурин газарт нэг ч хүн үлдэх ёсгүй. Үүний тулд анги, байгууллагууд шинэ боловсон хүчнээ ажлын байранд нь дадлагажуулахдаа Ахмадын зөвлөл, бэлтгэл офицеруудын мэдлэг, туршлагад түшиглэх хэрэгтэй” хэмээн тэмдэглэлээ. Мөн тэрээр хууль эрх зүйн шинэчлэл, ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах тогтолцоо болон сурагчдад цэрэг-эх оронч үзэлтэй, ёс зүйтэй хүн байх хүмүүжил олгоход анхаарах чиглэлүүдийг танилцууллаа.
Үүний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, үүрэг чиглэл өгөв. Тэрээр Батлан хамгаалахын сайдын тушаалыг бүх түвшинд ягштал хэрэгжүүлж, үр дүн гаргахыг хатуу санууллаа.
Цаашид сахилга хариуцлага алдахгүй байхад онцгой анхаарах ёстойг дурдаад, саяхан болсон харамсалтай үйл явдалд шат шатанд нь хариуцлага тооцно гэдгийг мэдэгдэв. Түүнчлэн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудыг бүрэн камержуулах ажлын явцыг танилцуулж, хугацаат цэргийн алба хаагчдын ар тал, хангалтыг сүүлийн жилүүдэд 100 хувь шинэчилсэн зэрэг эерэг үр дүнгүүдийг дурдлаа.
Дэслэгч генерал С.Ганбямба Батлан хамгаалахын сайдын хэлсэнчлэн ҮБХИС-ийн ЦНДС-ийг дүүргэж буй шинэхэн дэслэгч нарыг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид салааны захирагчаар томилно гэдгийг дурдаж, үүний өмнө чадварлаг цэргийн дарга болгон төлөвшүүлэх үүрэг бидний өмнө байна. Салааны захирагч бол нэг талаараа багш юм.
Тэдэнд хугацаат цэргийн алба хаагчдаа манлайлах, командлах, дайчдынхаа сэтгэл зүйн байдлыг мэдрэх чадварыг суулгах ёстой гэдгийг онцлон тэмдэглэж, урин дулаан цаг эхэлсэнтэй холбогдуулан ээлжийн амралтаа авсан алба хаагчидтай эргэх холбоотой байж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанга сахиулахыг ч анхааруулав.
Мөн тэрээр “Эцсийн дүндээ Зэвсэгт хүчний тогоонд буй бид бол нэг гэр бүл. Бид л нэгнээ хайрлаж, дэмжих ёстой” хэмээн онцлоод сайдын өгсөн үүрэг чиглэлийг биелүүлэхийг удирдах бүрэлдэхүүнд даалгасан юм.
Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 6 дугаар сарын 20-ны дотор салбарын хэмжээнд эрсдэлийн иж бүрэн үнэлгээ, хяналт шалгалт хийхтэй холбоотой 11 төрлийн үүрэг чиглэл өглөө. Дэд сайд “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил”-ийг бодитоор хэрэгжүүлэхэд онцгой анхаарахыг мөн сануулан, оролцогчдод ажлын амжилт хүссэн юм

| Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.