Шууд Chart

“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо

2026-06-05 13:26:36

Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Бага хурлыг угтан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг улс орнуудтай хамтран тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэх “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилга дэвшүүллээ. 

Санаачилгын нээлтэд оролцсон салбар бүрийн төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн уламжиллаа. 

Ерөнхийлөгч, бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан шийдэл, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн цогц хандлага нь цөлжилттэй тэмцэх бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэж үздэгээ илэрхийллээ. 

Хамтын хариуцлага, ногоон итгэлцэл, бодит шийдэл бүхий “Цөлийн дуу хоолой” нь дээрх бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт, залуучуудаар дамжуулан олон нийт, олон улс, COP17-ын түншүүдэд таниулах чухал тавцан болох юм. 

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон хөгжлийн бодлого, газрын доройтлыг бууруулах зорилтууд, байгальд суурилсан шийдлүүдийг нийтэд ойлгомжтой, олон улсад хүртээмжтэй хүргэнэ.  

Санаачилга нь Монголын говь, Төв Азийн цөл, Казахстаны тал хээр, Памирын өндөрлөг, Каракум, Кызылкум зэрэг Евразийн хуурай бүс нутгийг холбосон хамтын ажиллагааны гүүр болно гэж төслийн баг үзэж байна. 

Санаачилгад төр, засаг, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, залуучууд нэгдэж, хамтран ажиллахыг Ерөнхийлөгч уриаллаа. 


“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо  
Үзсэн: 81 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй