Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ю.Н.Горловтой ганцаарчилсан уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдаан амжилттай болсныг онцолж, хуралдааны хүрээнд газар тариалан, хөдөө аж ахуйн салбарт бодит үр дүн авчрахуйц хэд хэдэн чухал шийдвэр гарсныг онцлов.
Тухайлбал, Беларусийн Хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ХХААХҮЯ-ны харьяа “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-аар дамжуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд Минскийн 35 болон 50 морины хүчтэй трактор нийлүүлэх, трактор угсрах төв байгуулах, “Амкодор” холдингийн өндөр бүтээмжтэй техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, мөн Монгол Улсад 1,000 болон 300 үнээний хүчин чадалтай орчин үеийн цогцолбор ферм байгуулах төслүүдийн яриа хэлэлцээг албан ёсоор эхлүүлэхээр болсныг онцолж, эдгээр төслүүд нь Монгол Улсын хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмж, техник технологийн шинэчлэлд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтойг тэмдэглэлээ.
БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Ю.Н.Горлов Монголын талаас Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, өндөр ач холбогдол өгсөнд талархал илэрхийлэв. Тэрбээр хоёр улсын худалдааны эргэлтэд Беларусийн экспорт давамгайлж байгааг дурдаад, Монгол Улсаас нийлүүлэх боломжтой бүтээгдэхүүн, экспортын санал санаачилгыг дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн урт хугацаанд тогтвортой түншлэл хөгжүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болохыг онцлов.
Талууд хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын ХХААХҮЯ болон Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний яамны хамтарсан ажлын хэсэг байгуулж, ажлыг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхээр тохиролцов.
Уулзалтын төгсгөлд сайд Ц.Идэрбат, сайд Ю.Н.Горлов нар ургамал хамгаалал, хорио цээрийн чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мөн уулзалтаар Засгийн газар хоорондын комиссын VIII хуралдааны хүрээнд хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нийт дөрвөн баримт бичигт гарын үсэг зурж, харилцан солилцов.
Эдгээр баримт бичиг нь ургамал хамгаалал, хорио цээр, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа, мөн малын тэжээл үйлдвэрлэл, агро-инженерчлэл, биотехнологийн чиглэлээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааг хамарч буй юм.


| Монгол, Беларусийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр таван баримт бичигт гарын үсэг зурлаа | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.