Шууд Chart

Дижитал өмчлөлийн маргаан тоглоомын салбарт хурцдаж байна

2026-06-09 09:28:38

Онлайн видео тоглоомын салбарт хэрэглэгчийн эрхтэй холбоотой маргаан улам анхаарал татаж байна. Зарим тоглоомын компани серверээ хааснаар хэрэглэгчдийн худалдаж авсан тоглоом цаашид тоглох боломжгүй болдог аж.

Америкийн ютүбер Росс Скоттын 2024 онд эхлүүлсэн “Тоглоом устгахаа зогсооё” нэртэй хэрэглэгчийн эрхийн хөдөлгөөн энэ асуудлыг олон улсын түвшинд гаргаж иржээ.

Тус хөдөлгөөн нэгдүгээр сард Европын Комисст 1.3 сая орчим гарын үсэг бүхий өргөдөл хүргүүлсэн бөгөөд дөрөвдүгээр сард Европын Парламентын нээлттэй сонсгол болсон байна. Одоо уг асуудал Европын холбооны шийдвэрийг хүлээж байгаа юм.

Энэхүү хөдөлгөөн Францын “Юбисофт” компани онлайн горимд суурилсан “Дэ Крю” уралдааны тоглоомын серверийг 2024 онд хаахаа зарласны дараа эрчимжжээ. Тус тоглоом нийт 12 сая гаруй тоглогчтой байсан ч сервер хаагдсанаар үндсэндээ ашиглах боломжгүй болсон байна.

“Юбисофт” компани серверийн дэд бүтэц болон лицензийн хязгаарлалттай холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэж тайлбарласан. Харин тоглогчдын хувьд асуудал нь дэмжлэг зогссонд бус, худалдаж авсан тоглоомдоо бүрэн нэвтрэх боломжоо алдсанд байгаа юм.

Росс Скотт бүх хувилбар нь идэвхгүй болж, дэлхий дээр хэн ч тухайн тоглоомыг ажиллуулах боломжгүй болохыг тоглоомыг “устгаж” байгаатай зүйрлэжээ. Түүний хэлснээр, компаниуд серверээ үүрд ажиллуулах албагүй ч тоглоомоо хаахдаа хэрэглэгчид цаашид ашиглах боломж үлдээх ёстой.

Тоглоомын салбарын компаниуд энэ байр суурийг эсэргүүцэж байна. Европын томоохон тоглоом хэвлэгчдийг төлөөлдөг “Европын видео тоглоомын холбоо” онлайн үйлчилгээ эдийн засгийн хувьд үр ашиггүй болсон тохиолдолд сервер хаах боломж компаниудад байх ёстой гэж мэдэгджээ. Мөн ийм шаардлага нь онлайн тоглоом хөгжүүлэх өртгийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.

Харин “Тоглоом устгахаа зогсооё” хөдөлгөөнийхөн компаниудыг серверээ үргэлжлүүлэн ажиллуулахыг шаардаагүй гэдгээ онцолж байна. Тэдний хувьд сервер хаагдсаны дараа офлайн горимоор тоглох боломж бүрдүүлэх, эсвэл хэрэглэгчид өөрсдөө ажиллуулах программ хангамж гаргаж өгөх зэрэг “ашиглалтын төгсгөлийн төлөвлөгөө” хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд онлайн хамааралтай, тасралтгүй үйлчилгээ шаарддаг тоглоомууд нэмэгдсэнээр энэ асуудал улам хурцаджээ. Зарим тоглоом маш богино хугацаанд хаагдах тохиолдол ч гарсан байна. Тухайлбал, “Сони” компанийн “Конкорд” тоглоом 2024 онд гарснаасаа хойш хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд хаагдсан ч хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгожээ.

Одоогоор Европын Комисс “Тоглоом устгахаа зогсооё” хөдөлгөөний ирүүлсэн өргөдөлд долоодугаар сарын 27-ны дотор хариу өгөх ёстой. Мөн Францын хэрэглэгчийн эрхийн байгууллага “Юбисофт” компанийн эсрэг шүүхэд хандсан бол Их Британид энэ асуудлаар парламентын хэлэлцүүлэг болсон ч Засгийн газар одоогоор хэрэглэгчийн эрхийн хуульд өөрчлөлт оруулах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгджээ.

АНУ-ын Калифорни мужид мөн “Тоглоомоо хамгаалъя” хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Уг төсөл батлагдвал компаниуд онлайн дэмжлэгээ зогсоосны дараа тоглоомыг цаашид ашиглах боломжтой болгох, эсвэл хэрэглэгчдэд төлбөрийг нь буцаан олгох шаардлагатай болох юм.

Ийнхүү цахим бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч үнэхээр эзэмшигч мөн үү, эсвэл зөвхөн түр ашиглах эрх авдаг уу гэсэн маргаан тоглоомын салбараас хальж, дижитал өмчлөлийн өргөн хүрээний асуудал болон хувирч байна.


Дижитал өмчлөлийн маргаан тоглоомын салбарт хурцдаж байна  
Үзсэн: 130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй