Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад мал амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах” төслийн техникийн шинжээчдийн багийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсад мал аж ахуй болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зоонозын тэргүүлэх халдварт өвчний нэг нь бруцеллёз юм.
Сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн тандалт, дархлаажуулалтын арга хэмжээнүүд нь тодорхой үр дүн өгч уг өвчний халдварлалтын түвшин 0.3% болж буурсан боловч, мал амьтны бруцеллёз болон бусад зооноз өвчний тандалт, лабораторийн чадавх, салбар хоорондын уялдаа холбоо, халдвар авсан малыг зохистой удирдах тогтолцоо хангалтгүй хэвээр байгааг Монгол улсад хийгдсэн хөндлөнгийн судалгаа харуулж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран 36 сарын хугацаанд хэрэгжих, 2 сая ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уг төсөл “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, лабораторийн хүчин чадал болон цахим тандалтын системийг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан тэмцлийн арга хэмжээг зорилтот бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Мөн Бруцеллёзтой тэмцэх үндэсний стратеги (2026–2036)-ийг шинэчлэх, вакцин болон оношлуурын чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх, орон нутагт хамтарсан шуурхай хариу арга хэмжээний баг байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх юм
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн төслийн үр дүнд малын эрүүл мэнд, ашиг шим, бүтээмж дээшилж, хүн амын эрүүл мэндэд учрах эрсдэл буурахын зэрэгцээ хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн иргэдийн амьжиргаа, мал аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны өрсөлдөх чадвар нэмэгдэх ач холбогдолтойг онцлов.
| Монгол Улсад Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.