
Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе. Улс төрийн үйл явдал арвинтай долоо хоног өнгөрлөө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухай тогтоолын төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн бариад байсан. Лхагва гарагт уг хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ерөнхий сайдын өргөн барьснаар Засгийн газар 13 яам, 11 тохируулагч агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай байхаар болж байгаа юм. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газар:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2. Батлан хамгаалах яам
3. Боловсрол, шинжлэх ухааны яам
4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам
5. Сангийн яам
6. Хууль зүйн яам
7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам
8. Соёл, спорт, аялал жуулчлалын яам
9. Уул уурхай, эрчим хүчний яам
10. Хөдөлмөрийн яам
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам
13. Эрүүл мэндийн яам гэсэн 13 яамтай ажиллах юм. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ сайд нар томилох асуудлаар УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нартай уулзаж чиглэл өглөө. Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар оролцов. Ерөнхийлөгч Засгийн газрын шинээр томилуулахаар оруулж ирэх сайд нар УИХ-ын гишүүн биш байх тухай байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-тэй сайд нараас Ерөнхийлөгч татгалзаад байна.
Өнгөрөгч долоо хоног “Н.Энхбаяр Солонгос улсын иргэн болох хүсэлт гаргасан” гэх мэдээллээр эхэлсэн гэж болно. Эл мэдээлэлд монголчууд гайхсан, эргэлзсэн, хүлээн зөвшөөрөхийг хүссэн, хүсээгүй гээд олон байр сууринаас хандлаа. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлаж, энэ мэдээлэлд няцаалт өгөөд байсан юм. Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр эх орондоо ирлээ. Түүнийг БНСУ-д хийлгэж буй эмчилгээнийхээ завсраар эх орондоо эмчлүүлэх гэж ирсэн гэж мэдэгдсэн ч Н.Энхбаяр өнгөрөгч баасан гарагт Төрийн ордонд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанд оролцов. Засгийн газрын бүтэц шинэчлэгдэн батлагдсан энэ үед МАХН-ын Засгийн газарт эзлэх байр суурийн талаар намын даргын хувьд тодорхой чиглэл гаргахад оролцож буй нь энэ гэж ажиглагчид үзэж байна.
УИХ-ын намрын ээлжит чуулганаар ирэх 2015 оны төсвийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Улаанаас дараах тодруулга авлаа. Ирэх оноос цалин, тэтгэвэр нэмэх тухай тодруулгыг ЭНДЭЭС уншина уу.
Дөрөв төрөхдөө ихэрлэж, найман хүүхэдтэй болсон Э.Энхтөрийнд нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын 375 жилийн ойг тохиолдуулан орон сууц олгох шийдвэр гаргалаа. Тэднийх өнгөрсөн жил байр хүссэн өргөдлөө нийслэлийн удирдлагуудад өгчээ. Тэдний өргөдлийг Засаг даргын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Э.Энхтөр, н.Ундрах нарын гэр бүл 10-уулаа амьдарч буй юм.
Нийслэлийн авто замын газраас ачааны машины жолооч нарыг Е, С зөвшөөрөлтэйгөөр хөдөлгөөнд оруулах болсныг мэдэгдэж, тус зөвшөөрлийг өнгөрөгч сарын 22-ноос ТҮЦ машинаас олгож эхэлсэн. Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлж буйгаар тус зөвшөөрлийг аваагүй тээврийн хэрэгслийг аравдугаар сарын 9-нөөс эхлэн хөдөлгөөнд оролцуулахгүй байгаа тул жолооч та бүхэн Е, С зөвшөөрөл авч хөдөлгөөнд оролцоно уу.
2014 оны аравдугаар сарын 3-ны өдрийн байдлаар Африкийн улс орнууд болох Гвиней, Либери, Сьерре-Леон, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Конго Улсад тархаад байсан Эбола вируст халдвар АНУ болон Испани улсад бүртгэгдсэн байна. Иймд улс орон дамжин шинээр бүртгэгдэж байгаа уг вирусээс сэрэмжлүүлэх мэдээг Эрүүл мэндийн яамнаас нийт иргэддээ өгч байна. Үүнд:
• Энэ вируст халдвар дэлхийн аль ч улс оронд тархах магадлал өндөр болсон тул шинээр бүртгэгдэж буй вирусээр дамжих халдварт өвчин бүртгэгдэж байгаа бүс нутагт аль болох зорчихгүй байх;
• Өвчин бүртгэгдсэн улс оронд зорчиж ирсний дараа халуурах, толгой өвдөх, ядрах суулгах, бөөлжих, цусархаг тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандах хэрэгтэй” гэжээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнгөрөгч баасан гарагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүллээ.
Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газраас хүрэн баавгай агнаж, эрхтэнийг нь зарсан н.Болдбаатар, С.Өлзийбаяр, Х.Отгонжаргал нарын шүүх хурал өнгөрөгч долоо хоногт боллоо. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Болдбаатарт чанга дэглэмтэй хориход дөрвөн жил, С.Өлзийбаярт жирийн дэглэмтэй хориход хоёр жил зургаан сар, Н.Отгонжаргалд нэг жил зургаан сар хорих ял оноов. Хүрэн баавгайн экологи, эдийн засгийн үнэлгээ нь 6.5-7.5 сая төгрөг байдаг бөгөөд энэ үнийг гурав нугалсантай тэнцэх хэмжээний мөнгөөр хэрэгтнүүдийг торгохоор болов.
Дорнод аймгийн Хэрлэн суманд хоёр хүн боомоор өвчилсөн байж болзошгүй тохиолдол гарсан. Энэ дагуу мэргэжлийн байгууллагаас тархвар судлал болон лабораторийн шинжилгээ хийхэд үхрээс халдвар авч өвчилсөн болох нь батлагдаж, ”Боомын арьсны хэлбэр”-ээр өвчилсөн нь мөн долоо хоногт тогтоогдлоо. Иймд малчин иргэд гэнэт мал үхвэл малын эмчид яаралтай хандаж, шалтгааныг тогтоолгох, үхсэн мал, амьтантай харьцахгүй байх, шаардлага гарвал бээлий өмсөх, үхсэн болон өвчилсөн малтай харьцсаны дараа халуурах, толгой өвдөх, хар тав бүхий шарх гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.
Уншигч та бүхэн ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээнд анхаарлаа хандуулна уу. Аравдугаар сарын 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Намрын дунд сарын шинийн 17 өнгөрсөн баасан гарагт тохиолоо. Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөр гэрлэх ёслолын ордонд 67 хос гэрлэлтээ батлуулсан сайхан мэдээгээр тоймоо төгсгөе. Хуримын ёслол хулгана буюу шөнийн 01:40 цагаас эхлэн үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжиллээ. Дашрамд сонирхуулахад, манай улсын гэрлэх ёслолын ордон анх 1976 онд үүдээ нээж, Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулж байсан түүхтэй аж.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 3057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.