Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав

2026-06-23 09:45:24

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Хаити Улсад нэг өдрийн айлчлал хийж, НҮБ-ын дэмжлэгтэй явагдаж буй “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” ажиллагааны “Вертиер” цэргийн баазад ажиллан тус хүчний үйл ажиллагаатай танилцав. Энэ нь түүний 2023 оны 07 дугаар сараас хойш Порт-о-Принст хийж буй айлчлал юм.

Айлчлалын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбатын удирдаж буй тус хүчний үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцаж, Хаити Улсад энх тайван, аюулгүй байдлыг сэргээн тогтооход олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлт, тэр дундаа “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин”-ий шийдвэртэй ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн.

“Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний ажиллагаа нь хүчирхийллийг хумьж, төрийн эрх мэдлийг сэргээх бодит боломжийг бий болгож байна. Бид энэ боломжийг алдах эрхгүй" хэмээн ноён Гутерреш айлчлалын дараа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн. Мөн тэрээр “Гэмт бүлэглэлийн зэвсгийг хурааж, татан буулгах ёстой бөгөөд энэ үйл ажиллагаа нь Хаитийн удирдлага дор хэрэгжих үйл явц байх ёстой” хэмээн онцоллоо.

Айлчлалын төгсгөлд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш “Олон жилийн дараа анх удаа хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Хаити нөхцөл байдлаа өөрчлөх боломжтой болсон ч олон улсын хамтын нийгэмлэг үүргээ ухамсарлан ажиллах шаардлагатай” хэмээн дүгнэсэн.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд цэргийн алба хаагчдаа илгээхээс гадна зэвсэгт мөргөлдөөн, хямрал нүүрлэсэн улс оронд аюулгүй байдал, дэг журмыг тогтоох үйл хэрэгт манай улсын стратегийн түвшний оролцоо, манлайлал, монгол цэргийн амжилт ололтыг НҮБ-ын удирдлагад илтгэн харуулсан онцлох үйл явдал боллоо.

“Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин”-ий ажиллагаа үр дүнгээ өгснөөр олон жилийн турш хүчирхийлэл, айдас түгшүүрт автсан тус улсад энх амгалан, тогтвортой байдал эргэн тогтож, иргэдийн хүсэн хүлээсэн хэвийн амьдрал аажмаар сэргэх боломж бүрдэх юм гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Бүгд Найрамдах Хаити Улсад айлчлав  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй