Шууд Chart

“Сүүлчийн шөнө” намрын сүүлчийн бороог "дагуулав"

2014-10-13 08:55:23

Намрын дунд сарын шинийн 17. Дашням, Балжинням давхацсан намрын энэ өдөр өнгө өнгийн цэцэгсээр “гангарсан” машинууд холхилдож, хуримын ордон хосуудын хөлд дарагджээ. Үүнтэй зэрэгцэн  “Тэнгис” кино театрын дэлгэцнээ “Сүүлчийн шөнө” кино нээлтээ хийлээ. Үе үеийн мундаг жүжигчдийн оролцон тоглосон тус киног Төрийн соёрхолт жүжигчин Н.Наранбаатар найруулсан бол Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар зохиолыг нь бичжээ. Гурван үеийнхний хайр дурлалын харилцааг харуулсан тус бүтээлээс аргагүй л Ш.Гүрбазарын хурц тод болоод хааяа яруу найраг мэт уянгалах үгс нь цухалзана. Тус бүтээл түүний өмнө нь ярьж байсан шиг үнэхээр “зольбин” үг хэллэггүй, жинхэнэ хайр дурлалын талаар өгүүлжээ. Киноны зураг авалт, хөгжмийн өнгө аяс хүртэл тайвшрал ухаарлыг өгөх мэт...

Рок, попын “домог” хэмээн нэрлэгддэг "Харанга" хамтлагийн “Сүүлчийн шөнө” дууг эгшиглүүлсэн киноны нээлтийн үеэр МУГЖ Н.Батцэцэг аргагүй содон бөгөөд үзэсгэлэнтэй харагдаж байсныг энд дурдах нь зүй. Тэрбээр ягаан алчуур мөрөн дээгүүрээ хаяж, ягаан цэцгийг үсэндээ хатгасан байлаа. Алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл жинхэнэ урлагийн хүний шинж төрхийг илэрхийлэх мэт. Ер нь тус кинонд дүр бүтээсэн залуу жүжигчид болоод бидний дэлгэцнээс харж ичнээ танил болсон уран бүтээлчид гялалзаж байсныг хэлэх хэрэгтэй.

Найруулагч Н.Наранбаатар нээж үг хэлэхдээ “Өнөөдөр намрын дунд сарын билэгт сайн өдөр. Энэ өдөр бид шинэ уран бүтээлээ үзэгч олондоо хүргэж байгаадаа баяртай байна. Кинонуудын нээлтийг хараад байхад жүжигчдээ үнэтэй машинаас буулгаж, улаан хивсэн дээгүүр алхуулаад байдаг болж. Гэхдээ бид түүнийг давтая гэж бодсонгүй. Өнөөдөр гадаа хэдийгээр жиндүү, хүйтэн байгаа ч бид үзэгч олныгоо хүндэлж энэхүү тайзан дээр зогсож байна. Кинонд тоглосон, ая хэмнэлийг нь тааруулсан, зохиол бүтээлийг нь туурвисан, дүр бүрийг амилуулсан уран бүтээлчдэдээ баярлалаа” гэв. Нээлтийн үеэр Тэнгис кино театрын үүдэнд намрын сүүлчийн бороо асгарлаа. Энэ нь киноны уран бүтээлчдийн зүгээс жүжигчдэдээ болоод  киног үзэхээр ирсэн үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлэг байв. Яг л шиврээ бороо зөөлөн дуслах шиг, тэр бороо намрын сүүлчийн бороо биш байгаа гэж сэтгэл гэгэлзүүлж байлаа. “Бороонд” норсон үзэгчид болоод жүжигчид дэлгэцийн бүтээлээ олонд үзүүлж, дүн тавиулахаар танхим өөд чиглэв. Энэ үеэр тус киноны зарим уран бүтээлчидтэй хөөрөлдснөө дор сийрүүлье.

Ш.Гүрбазар: Хайр дурлалын тухай худлаа бичвэл хүмүүс уурлана

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ш.Гүрбазар: “Н.Наранбаатартайгаа хамтран ажиллахад сайхан байлаа. Энэ бүтээл миний хувьд бол анхны хайрын кино юм. Энэ кино сайн муу аль нь болсныг хэлж мэдэхгүй. Ер нь 18-60 нас хүртэл амьдрал яадаг юм бэ. Ямар зовлон жаргалыг дайрч гардаг юм бэ гэдгийг л өгүүлсэн кино. Хайр, нууц амраг, хүмүүний хүсэл тачаалыг муулаагүй. Ертөнцөд иймэрхүү хатуу үнэн байдаг юм даа гэдгийг л тайлбарласан. Ер нь бурхан бидэнд “Хайр гэж ийм зүйл байдаг аа” гэж тайлбарлаж өгөөгүй болохоор хүн бүр хайрыг өөр өөрийнхөөрөө харж, тайлбарладаг. Киноныхоо зохиол дээр би дөрвөн сар суусан. Өнгөрөгч өвөл цагаан сарын үеэр Н.Наранбаатар надтай уулзсан юм. Тэгээд л дөрвөн сарын хугацаанд зохиол дээрээ суугаад долоодугаар сараас зураг авалтандаа орсон. Ер нь хүн чинь хайр дээр их хариуцлагатай ханддаг шүү дээ. Хүмүүсийн хамгийн их мэддэг сэдэв болохоор тэр. Тиймээс хүмүүсийн хамгийн их мэддэг тэр хайр гэгчийн талаар худлаа бичсэн байвал хүмүүс уурлана. Үнэн байвал зөв юм байна гэж боддог. Ийм учраас хүнд хамгийн ойрхон байх амьдралын талаарх үнэн үгсийг ашигласан. Манай киног үзээд 20-60 насны хүмүүс “За тиймээ амьдралд байдаг үнэний тухай байна шүү дээ” гэж бодож байвал бидний хийсэн бүтээлийн үнэ цэнэ гарна даа” гэв.

Н.Отгонтогос: Манай кино жинхэнэ бүтээл болж чадсан

Тус киноны хоёрдугаар найруулагчаар СТА, жүжигчин Н.Отгонтогос ажилласан юм. Тэрбээр “Манай кино гурван үеийн уран бүтээлчдийн оролцон тоглосон бүтээл болсон. 20, 40, 60 насны хайр дурлалын тухай өгүүлнэ. Энэхүү кино маань жинхэнэ бүтээл болж чадсан гэдгээрээ онцлогтой. 60 насныхны хайр дурлалыг өгүүлэх дүрд МУГЖ Ц.Төмөрбаатар, Н.Батцэцэг нар тоглосон бол 40 насны хосуудын дүрд Драмын театрын жүжигчид болох С.Болд-Эрдэнэ, Н.Баярмаа, 20 насны хосуудад Ж.Мөнгөнсүх, А.Дөлгөөн нар тоглосон. Кинонд маань дандаа мэргэжлийн жүжигчид тоглосон гэдгээрээ онцлог болж байна. Гол дүрийн дээрх жүжигчдээс гадна Очирбатын Оюун, Энхбат гэх мэт чадалтай, чадвартай жүжигчид бүтээсэн байгаа. Үзэгчдэд хандаж хэлэхэд манай бүтээлийг ирж үзээрэй, үзсэнийхээ дараа маргаангүй онц дүнг тавих байхаа гэж хэлмээр байна. Миний хувьд кинондоо дүр бүтээхийн хажуугаар хоёрдугаар найруулагчийн ажлыг хийлээ. Жүжиглэнэ хажуугаар нь найруулна гэдэг тийм амар ажил биш. Гэхдээ энэ ажлыг олон жил хийлээ. Хэцүү гэхээсээ илүү хийж сурсан ажил юм даа. Хэдийгээр ядарсан ч уран бүтээлийнхээ ард гарчихаад харж байхад үнэхээр сайхан байна. Би Н.Наранбаатар найруулагчтай анх удаагаа ажиллаж үзлээ. Харин хоёрдугаар найруулагчийн хувьд 10 гаруй бүтээлд ажиллажээ” гэж ярилаа.

Ж.Мөнгөнсүх: Дөнгөж хайртайгаа учирч буй 20 настай залуугийн дүрийг бүтээсэн

Эрхэс хэмээх залуугийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Ж.Мөнгөнсүх:

“Кино зураг авалт дууссанаас хойш хамт олонтойгоо уулзаагүй байсан. Өнөөдөр ийнхүү уулзаж байгаадаа баяртай байна. Бидэнд зориулж бороо орууллаа. Тэрхүү бороонд би маш их норлоо. Хэдийгээр их хүйтэн байсан ч хамт олны минь сэтгэл халуун дулаан болохоор даарсангүй ээ. Энэ кинонд би Эрхэс хэмээх залуугийн дүрийг бүтээсэн. Дөнгөж анхны хайртайгаа учирч буй, амьдралд дөнгөж хөл тавьж буй 20 настай залуугийн дүрийг бүтээлээ. Энэхүү кино маань хүний амьдралын гурван үе шатыг харуулснаараа онцлог бүтээл болсон” гэлээ.

 

 Х.Оюунбилэг: Дуртай дуугаа дуулна гэдэг нэр төрийн хэрэг

"Харанга", МУГЖ Ариунаа нарын дуулж олон түмэнд хүргэсэн “Сүүлчийн шөнө” дууг дуулсан дуучин Х.Оюунбилэг: “Өөрт санагдсан бодлоо л хэлье гэж бодлоо. Миний хувьд “Сүүлчийн шөнө” гэх дууг дуулна гэдэг нэр төрийн хэрэг байсан. Хамгийн дуртай уран бүтээлээ дуулна гэдэг үнэхээр гайхалтай шүү” гэв.

Тэд ийнхүү танхимд гарах гэж буй “Сүүлчийн шөнө” киногоо үзэхээр явав. Тэдний бүтээсэн бүтээл хэр болсныг үзэгчид шүүн тунгааж, уран бүтээлд нь дүн шинжилгээгээ хийх биз.

Киноны нээлтэн дээр намрын "сүүлчийн" бороо асгарсан бол үдэш нь зөөлөн цас бударч байв.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Сүүлчийн шөнө” намрын сүүлчийн бороог "дагуулав"  
Үзсэн: 5287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2014-10-13 10:38
За больж үзээ сайхан кино болсон байна билээ. Өмнө нь монгол кино үзээд сэтгэл тэгж их хөдөлж байсангүй. Наранбаатарыг ийм кино хийнэ гэж бодсонгүй ч гэх шиг. Киноны үг хэллэг, үйл явдлын холбоос гээд бодоод үзээд элий юм бэ яасан...
202.70.38.xxx [202.70.38.xxx] 2014-10-13 10:15
Шал худлаа кино байна билээ. Н.Наранбаатарыг арай ч ийм тийм кино хийнэ гэж бодсонгүй. Драмын тайзан дээрээ л хүчээ гаргаж байвал таарна.

Бидэнтэй нэгдээрэй