Ерөнхий сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр /2026.07.04/ Багануурын уурхайд ажиллалаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, импортыг орлох хагас коксон түлшийг дотооддоо үйлдвэрлэх стратегийн ач холбогдолтой "Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр" Багануурын уурхайг түшиглэн баригдах гэж байна.
Тус үйлдвэр нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Мега-14" төслийн жагсаалтад туссан "Нүүрс-химийн цогцолбор"-ын анхны бүтээн байгуулалт юм.
Ерөнхий сайд Н.Учрал "Үйлдвэр ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаар ажилласнаар нийслэлийн өвлийн түлшний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын хагас коксыг орлоно.
Ингэснээр агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах нийгмийн үр ашиг гарахаас гадна, сайжруулсан түлшний татаасад олгодог улсын төсвийн зардлыг жил бүр 200 гаруй тэрбум төгрөгөөр хэмнэх боломж бүрдэнэ.
Түүнчлэн үйлдвэрлэлд 422 тогтвортой ажлын байр шинээр бий болж буй нь иргэдийн нийгэм, эдийн засгийн эрхийн хэрэгжилт сайжрахад томоохон түлхэц болно" гэлээ.
Харин БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг зөвхөн түлшний төрөл солих хүрээнд бус, дотоодын үйлдвэрлэл, технологийн шинэчлэл, байгаль орчны хяналттай уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.
Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр нь нийслэлийн агаарын бохирдлыг бодитоор бууруулахын зэрэгцээ импортын хамаарлыг багасгаж, дотоодын нүүрсийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах ач холбогдолтой.
Үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагааны бүхий л үе шатанд байгаль орчны стандарт, ялгарлын хяналт, усны зохистой хэрэглээ, хаягдлын менежментийг чанд мөрдүүлэх ёстой. Бид агаарын бохирдлыг нэг эх үүсвэрээс нөгөөд шилжүүлэх бус, байгаль орчинд үзүүлэх нийт нөлөөллийг бууруулсан, шинжлэх ухаан, технологид суурилсан шийдлийг хэрэгжүүлэх зарчим баримтална” гэлээ.
"Багануурын нүүрс-пиролизын үйлдвэр" байгуулах төслийг "Эрдэнэс ҮТП" ХХК хэрэгжүүлж байна.
Төслийн бэлтгэл ажлын хүрээнд Багануурын уурхайн 360 тонн нүүрсний дээжид хагас үйлдвэрлэлийн туршилтыг амжилттай гүйцэтгэж, Улаанбаатар хотын хэрэглээний стандарт, шаардлагыг бүрэн хангасан өндөр чанарын хагас коксон түлш үйлдвэрлэх боломжтойг баталгаажуулсан байна.
Мөн үйлдвэрийн болон дагалдах цахилгаан станцын ТЭЗҮ-ийг холбогдох яамдын зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулсан гэдгийг албаныхан мэдээллээ.
Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалттай тус үйлдвэр ашиглалтад орсноор жил бүр 1.8 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж,
• 600 мянган тонн хагас коксон түлш
• 82-84 мянган тонн нүүрсний давирхай
• 40 МВт цахилгаан эрчим хүч (үүний 26 МВт-ыг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ) үйлдвэрлэх юм.
Нүүрс-пиролизын үйлдвэрийн төслийн гүйцэтгэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулж, 2026 оны 3-р улиралд гэрээг байгуулахаар төлөвлөсөн.
Бүтээн байгуулалтыг 2028 оны I улиралд бүрэн дуусгаж, мөн оны II улирлаас бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

| Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас гарлаа | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.