Эрчим хүчний сайдын зөвлөлийн хуралдаан өнөөдөр (2026.07.06) боллоо. Энэхүү хуралдааны үеэр “Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төслийг “Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн замын зураглалын төсөл бэлтгэх” ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны Ажлын албаны дарга Б.Болор-Эрдэнэ танилцуулав. Уг төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан дээрх ажлын хэсэг боловсруулсан юм. Хуралдаанаас дээрх төслийг Эрчим хүчний сайдын тушаалаар батлах нь зүйтэй гэж үзлээ.
“Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөө /2026–2035/”-ний төсөлд засаглал ба институцийн тогтолцоо, кибер аюулгүй байдал ба тэсвэрлэх чадавхын тогтолцоо, эрчим хүчний зах зээлийн цахимжилт, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа, инновац ба шинэ технологи, хэрэгжилтийн замын зураглал, хөрөнгө оруулалт ба санхүүжилтийн тогтолцоо, эрчим хүчний салбарын цахим шилжилтийн системийн зорилтот бүтэц зэргийг тусгасан юм.
Мөн хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын цахим шилжилтийн суурь дэд бүтцийг бэлтгэх ажлын хүрээнд дөрвөн ажлын хэсэг байгуулж, биелэлтийг ирэх аравдугаар сарын 1-ний өдрийн дотор танилцуулахыг Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газарт үүрэг болголоо. Үүнд тухайлбал, Цахилгааны ухаалаг тоолууржуулалтыг нэгдсэн байдлаар өргөжүүлэх ажлын хүрээнд УБЦТС ТӨХК-ийн тоолуурын өгөгдлийн удирдлагын систем, хэрэглэгчийн программ хангамжийг улсын хэмжээнд ашиглах арга хэмжээг хариуцан ажиллах ажлын хэсэг, Улаанбаатар хотын дулааны ухаалаг тоолуур, хэмжих хэрэгслийн нэгдсэн системийн төсөл болон санхүүжилтийн загварын санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг багтаж байна.
| Эрчим хүчний ухаалаг сүлжээ, мэдээллийн технологийн стратеги төлөвлөгөөг баталлаа | ||
| Үзсэн: 71 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.