Улсын Их Хурлын даргын энэ оны гуравдугаар сарын 95 дугаар захирамжаар байгуулагдсан Ахмад настны хөдөлмөр эрхлэлт, тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, эрүүл мэндийн болон нийгмийн цогц тусламж, үйлчилгээг судлах ажлын хэсгээс “Ахмад настны чуулга уулзалт”-ыг бүсчлэн зохион байгуулж байна. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, М.Нарантуяа-Нара, Б.Түвшин, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Л.Энхнасан нар ажиллаж байна.
Ажлын хэсгээс Төвийн бүсийн чуулга уулзалтыг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу энэ сарын 04-05-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулсан бол Говийн бүсийн чуулга уулзалтыг өнөөдөр цахимаар явууллаа. Цахим чуулга уулзалтад Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн ахмад настнууд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, дэд ажлын хэсгийн гишүүд оролцож, нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн амьдралд оролцох ахмад настны оролцоог нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэх, асрах, сувилах үйлчилгээ, халамж анхаарлыг сайжруулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, зээлийн бүтээгдэхүүний хүртээмж, нөхцөл, хугацааг сайжруулах зэрэг олон асуудлыг ярилцлаа.
Чуулга уулзалтын эхэнд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат явуулж буй үйл ажиллагаа, үр дүнгийн талаар товч мэдээлэл өгөв. Тус ажлын хэсэг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Эрүүл мэндийн болон Сангийн яамд, Монголбанк зэрэг байгууллагуудын мэдээллийг сонсож, нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр Ахмад настны тухай болон холбогдох хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна.
Тухайлбал, хуульд заасан Ахмадын санг аймаг, сумдын Засаг даргын Тамгын газраас эхлээд 2300 гаруй төрийн байгууллага байгуулаагүй байгаа зөрчлийг арилгуулахаар Засгийн газрын албан даалгавар гаргуулж, хүргүүлсэн байна. Энэ санг аж ахуйн нэгж, байгууллага цалингийн сангийнхаа 3.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр байгуулж ажиллуулахаар Ахмад настны тухай хуульд заасан юм.
Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч мэдээлэлдээ тэтгэврийг сонголттой болгож, тодорхой хувиар өвлүүлдэг болсны зэрэгцээ инфляцийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх зохицуулалтыг нэгдүгээр сарын 01-ий хэрэгжүүлдэг байх зэргийг ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд шийдвэрлүүлснээ танилцуулав. Мөн Монголбанк болон банкны салбарын төлөөллүүдтэй удаа дараа уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, тэтгэврийн зээлийн эрсдэлээр жигнэсэн активын хувь хэмжээг бууруулах замаар өртгийг багасгаж, эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хугацааг 36 сар болгон сунгах шийдвэрийг дэмжүүлж чаджээ.
Цаашид ажлын хэсэг доод тэтгэврийн хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэх болон итгэлцүүрийг шинэчлэх, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авах шударга шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, гэрээр асрах, сувилах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн ахмад настнуудыг орон сууцны болон бизнесийн зээлд хамруулах боломжийг эрэлхийлж ажиллахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан юм.
Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалтад Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Эрүүл мэндийн яамны ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа нар илтгэл тавьсан юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2025 оны эцсийн байдлаар 101,550 ахмад настан ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь нийт ахмад настны 24.6 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрөгч онд тэтгэвэр тогтоолгосон ажилтнуудын 30247 нь хууль тогтоомжид оруулсан өөрчлөлтийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байгааг газрын дарга Ю.Отгонбилэг танилцуулав.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд улсын төсөвт 2022 онд 5.4 тэрбум төгрөг тусгагдаж байсан бол энэ 2026 онд 14.3 тэрбум төгрөг тусгагдаад байна. Үүнийг ахмад настны хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүгийн дэмжлэг олгох, ахмад мэргэжилтний болон Ахмадын холбооны зөвлөх үйлчилгээ, хүүхэд хамгаалах төслүүдэд зарцуулж буй юм. Нийгмийн халамжийн сангаас ахмад настнуудад халамжийн тэтгэвэр, байнгын асаргаатай ахмадыг асарч буй иргэний тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, хувийн асрамжийн зардал, хөнгөлөлт, тусламж, насны хишиг зэрэг төрөл хэлбэрийн халамжийг энэ онд нийт 588 644 ахмад настанд үзүүлж байгаа аж. 2025 оны эцсийн байдлаар идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд давхардсан тоогоор 65457 ахмад настан хамрагдаж, 1.2 тэрбум төгрөгийг нийгмийн халамжийн сангаас зарцуулсан байна.
Монгол хүний дундаж наслалт 1965 онд 65.5 байсан бол 2024 онд 71.8 болж сүүлийн 50 жилийн хугацаанд 6.3 жилээр нэмэгдсэн гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтэн Б.Анхтуяа дурдаж, эрүүл мэндийн байгууллагууд ахмад настны эрүүл мэндийн байдлыг таван бүлгээр ангилан хянаж, 4, 5 дугаар бүлгийн 40 мянга гаруй ахмадад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрээр олгож байгааг танилцууллаа. Өнгөрөгч 2025 онд 391400 ахмад настанд 107,5 сая төгрөгийн эмийн хөнгөлөлт олгож, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаанд 328,5 тэрбум төгрөг заруцуулсан байна. Мөн 2025 онд идэвхтэй насжилтыг дэмжих үйлчилгээнд 65457, гэрээр болон өдрөөр асрах үйлчилгээнд 2362, цогц үнэлгээнд 72457 ахмад настан хамрагдсан бол урьдчилан сэргийлэх үзлэгт 278008 ахмад настан орж, амбулатороор ахмадууд нийтдээ 5.5 сая удаа үзүүлжээ.
Цаашид анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад бүрт хүрч үйлчилгээ үзүүлэх, тогтвортой эргэх холбоо бий болгох шаардлага байгааг тэрбээр онцолж, урт хугацааны тусламж үйлчилгээ, асаргааны тогтолцоог хөгжүүлэх шаардлага байгааг хэлсэн юм. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж эхэлснийг ажлын хэсэгт ахлагч С.Эрдэнэбат танилцууллаа.
Ахмад настны чуулга уулзалтад оролцсон Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд ахмад настнууддаа үзүүлж байгаа эрүүл мэндийн болон халамжийн үйлчилгээ, энэ талаар хийж хэрэгжүүлж буй ажлууд, тулгамдсан асуудлын талаар танилцууллаа. Мөн говийн бүсийн аймгуудын ахмад настнууд санал бодлоо илэрхийлж, тэтгэврийн зөрүүг арилгах, амьжиргааны наад захын шаардлага, өртөг зардлыг шийдвэрлэх хэмжээнд хүргэж нэмэгдүүлэх, эм хангамж, сувиллын үйлчилгээг сайжруулах зэрэг олон асуудлаар саналаа илэрхийлэв. Түүнчлэн ахмад настнууд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, батлан даагчийн шаардлага зэргийг хөнгөрүүлэх, засаг захиргааны анхан шатны нэгж дээрх ахмад настны бүртгэл мэдээллийг сайжруулж, холбогдох үйлчилгээ, хангамжид бүрэн хамруулж байх гэх мэт асуудлаар арга хэмжээ авч, ахиц гаргаж ажиллах шаардлагатайг хэлж байлаа. Ахмад настнуудын тавьсан зарим асуулт, саналд Дэд ажлын хэсгийн ахлагч, Социал Демократ ахмадын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр, гишүүн, “Ахмадын дуу хоолой” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтанзул, ахмад настны төлөөлөл О.Цэцэгмаа, мөн Монголбанкны газрын захирал нар, цахимаар яам, газрын холбогдох мэргэжилтнүүд хариулт өгөв.
Чуулга уулзалтын төгсгөлд ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат говийн аймгуудын ахмад настнуудын илэрхийлсэн санал, хүсэлтийг нэгтгэн танилцуулж, ажлын хэсгийн хүрээнд хууль тогтоомжийн биелэлтийг эрчимжүүлэх, ахмад настны талаарх анхаарал халамж, олон нийт болон төрийн байгууллагын хандлагыг дээшлүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах шаардлагатайг дурдлаа. Ахмад настнуудын нийгмийн оролцоо, эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх нь төрийн бодлогын чухал чиглэл байх ёстойг тэрбээр онцолж, мэдлэг, туршлагын уурхай болсон ахмад настнуудаа дэмжиж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад уриалав.
| Говийн бүсийн ахмад настны чуулга уулзалт цахимаар боллоо | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.