Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяог хүлээн авч уулзан, хоёр талын хамтын ажиллагаа болон цаашдын тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологийн чадавхыг бэхжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчны тогтвортой менежментийг хөгжүүлэх чиглэлээр олон жилийн турш тууштай, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн чухал хөгжлийн түнш болохыг онцлов.
Тэрээр энэ онд анх удаа хамтран зохион байгуулсан “Хөрөнгө оруулалтын форум-2026” нь салбарын хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал алхам болсныг онцолж, цаашид хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, шинэ боломжуудыг хамтран бий болгоход идэвхтэй ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр FAO-гийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй мөөгний үйлдвэрлэл, зөгийн аж ахуй, хөрсний тогтвортой менежмент, хүнсний аюулгүй байдал, экосистемийн нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн тогтвортой менежмент зэрэг олон чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэв.
Мөн 2027 оноос хэрэгжиж эхлэхээр төлөвлөж буй GEF-9 төслийн хүрээнд олгогдох санхүүжилтийг салбарын бодлого, үйл ажиллагаатай уялдуулан үр ашигтай ашиглах, хүнс, хөдөө аж ахуйн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн зохистой хуваарилалтыг хангахад FAO-гийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.
Мөн “Нутагтаа эзэн 100:1000” төсөл, “Эрүүл мал” хөтөлбөрийг НҮБ-ийн ХХААБ-ийн төслүүдтэй уялдуулах, Италийн Ром хотод НҮБ-ын ХХААБ-аас ирэх 10 дугаар сард зохион байгуулагдах "Дэлхийн хүнсний өдөр"-т сайд Ц.Идэрбат ач холбогдол өгч оролцоно гэдгээ илэрхийлэв.
“Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”-ийн хүрээнд Монгол Улсад “Малчид, фермерүүдийг чадавхжуулах сургалтын төв” байгуулах талаар санал солилцож, тус төвийг байгуулахтай холбоотойгоор Монголын талаас хүргүүлсэн саналд үндэслэн цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллахаа НҮБ-ын ХХААБ-аас мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, үр өгөөжийг нэмэгдүүлж, Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

| Ц.Идэрбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Чинюнь Дяог хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.