Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах товлол, давтамж болон заавар, удирдамжийг баталж, мөрдүүлэх, суралцагчдыг товлол, давтамжийн дагуу үзлэгт бүрэн хамруулах, хүүхдийн эрсдэлийн үнэлгээ, үзлэгийн үр дүнд үндэслэн дараагийн шатлалд шилжүүлэх, онош тодруулах, өвчин эмгэг илэрсэн тохиолдолд хяналтад авах, эрүүлжүүлэх цогц арга хэмжээг 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн хамтран зохион байгуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт даалгалаа.
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг холбогдох хууль тогтоомж, батлагдсан удирдамжийн дагуу харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт Засгийн газрын тогтоолоор үүрэгжүүллээ.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэгийн идэвхийг нэмэгдүүлэх үүднээс бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудынхаа хүүхдийг эрт илрүүлэгт хамруулах товлосон хугацаанд нь ажлын байрны уян хатан зохицуулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хүрээнд нэгдүгээр ангийн (6 настай) нийт 69,127 суралцагчийг нүд, шүд, зүрхний үзлэгт хамруулсан.
- Зүрхний үзлэгт: 55,482 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд 5,225;
- Нүдний үзлэгт: 50,160 суралцагч хамрагдсанаас дараагийн шатлалд 1,037;
- Шүдний үзлэгт: 59,308 суралцагч хамрагдсанаас 48,025 тохиолдлыг илрүүлж, улмаар дараагийн шатлалд 24,474 суралцагчийг шилжүүлэн эмчлүүлжээ.
“Эдгээр үзүүлэлт нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг ерөнхий боловсролын сургуульд суурилан зохион байгуулах нь үр дүнтэй гэдгийг нотолж байна” гэж Боловсролын сайд Л.Энх-Амгалан ярилаа.
| ЗГ: Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.