Шууд Chart

“Монголын сайхан орон-2026” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2026-07-09 15:27:20

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулдаг “Монголын сайхан орон-2026” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Монголын Урчуудын Эвлэл (МУЭ) нь дүрслэх урлагийн бүхий л төрлөөр уран бүтээл туурвидаг 700 гаруй мэргэжлийн уран бүтээлчийг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбартай, Монголын дүрслэх урлагийн ууган байгууллага бөгөөд МУЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан орон” үзэсгэлэн нь Үндэсний их баяр наадмын соёл урлагийн хөтөлбөрийн салшгүй нэгэн хэсэг бөгөөд дотоод, гадаадын үзэгч, сонирхогчдын хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээнд зүй ёсоор тооцогддог.

Энэ удаагийн үзэсгэлэнд Монголчуудын эзэнт гүрнийг байгуулсан агуу түүх, аж байдал, уламжлалт ахуй заншил, хүн ард, уран байгаль болон дайчдын алдар гавьяаг магтан дуулсан уянга яруу, гүн утга агуулгатай уран бүтээлүүдийг дэлгэн тавьжээ.

“Монголын сайхан орон-2026” үзэсгэлэнд нийт 116 уран бүтээлчийн 120 шилдэг бүтээлийг олон нийтэд толилуулж байна. Энэ жилийн хувьд Монголын дүрслэх урлагийн салбарт өөрсдийн жинтэй байр суурийг эзэлсэн нэрт уран бүтээлчдийг урилгаар оролцуулж, үзэсгэлэнгийн чанар, цар хүрээг дээшлүүлснээрээ нэн онцлогтой үйл явдал болж байна.

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь наадамчин олон болон Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор ирсэн гадаадын жуулчдад Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, Монгол зураачдын ур чадварыг сурталчлан таниулах зорилготой юм.

“Монголын сайхан орон-2026” дүрслэх урлагийн үзэсгэлэн МУЭ-ийн Арт Галерейд 2026 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 20-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

 

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

“Монголын сайхан орон-2026” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй