Шууд Chart

“Монгол бахархал-Адууны өв соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

2026-07-10 13:21:36

Үндэсний их баяр наадмын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Соёл урлагийн газар, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоод хамтран зохион байгуулдаг “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн нь үндэсний бахархал болсон төрт ёс, түүхэн уламжлал, өв соёлоо таниулах зорилготойгоор 7 дахь удаагаа дэглэгдэж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнг монгол адуу, түүнтэй холбогдох соёлыг наадамчин олон монголчууд, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийн мэлмийг баясгах, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Монгол бахархал - Адууны өв соёл” агуулга дор дэлгэн толилуулж байна.

Мөн 2025 онд Нэгдсэн үндэсний байгууллагаас адууны өв соёлыг дэлгэрүүлэх, хайрлан хамгаалахаар “Дэлхийн адууны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр тэмдэглэхээр баталсан нь Монголчууд бидний хувьд бахархалт үйл хэрэг болоод байна.

Иймд уг үзэсгэлэн нь 50 гаруй гэрэл зурагчны туурвисан 200 гаруй бүтээлээс шилж сонгосон 50 гаруй шилдэг зургуудаар олон зуун, мянган жилийн түүхэнд бий болгосон “Монгол адуу-Дэлхийн өв”-ийг хайрлан хамгаалах, хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах, хүн төрөлхтний түүхэнд адууны эзлэх байр суурийг бататгах, бэлчээрийн нүүдлийн соёлыг хадгалан ирсэн өнгө төрхийг шингээснээрээ онцлог болж байна.

Үзэсгэлэн долоодугаар сарын 8-20-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд, мөн Хүй долоон худагт долоодугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус тус үргэлжилнэ. 


“Монгол бахархал-Адууны өв соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй