Хүн төрөлхтний түүхэнд өрнөсөн технологийн хувьсгал бүр хүний чадавхыг өргөжүүлж ирсэн. Харин хиймэл оюун ухаан үүнээс илүү гүнзгий өөрчлөлтийг авчирч байна. Учир нь машин бодит байдлыг зөвхөн бүртгэж, тайлбарлахаас гадна ирээдүйн боломжит хувилбаруудыг урьдчилан таамаглаж, эрэмбэлэх түвшинд хүрчээ.
Ийм нөхцөлд гол асуулт нь хиймэл оюун ухаан хүн шиг сэтгэж чадах эсэхэд бус, харин түүний гаргасан дүгнэлт, шийдвэр ямар хэмжээний эрх мэдэлтэй болох вэ гэдэгт төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, машины гаргасан шийдвэрт хэн хяналт тавих, хэн хариуцлага хүлээх, энэ нь хүн төрөлхтний ирээдүйг хэрхэн хэлбэржүүлэх вэ гэсэн асуудал улам чухал болж байна.
2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалтын үеэр Хятад улс хиймэл оюун ухааны засаглалын талаарх үзэл баримтлалаа танилцуулсан. Үүнд хүн төвтэй хөгжлийн зарчмыг баримталж, хиймэл оюун ухааныг нийтлэг сайн сайхан, хамтын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын төлөө хөгжүүлэхийг уриалжээ.
Үүнтэй холбоотойгоор CGTN-ээс дэлхийн хэмжээнд явуулсан цахим санал асуулгаар оролцогчдын 85.4 хувь нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил дэлхийн аюулгүй байдал, засаглалд шинэ сорилт учруулж байна гэж үзсэн байна. Мөн 92.6 хувь нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч дүрс, бичлэг, ташаа мэдээлэл нийгмийн итгэлцэлд сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Санал асуулгад оролцогчдын 87.8 хувь нь технологийн саад хориг, “дижитал хана” нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хэсэгчлэн бутаргаж болзошгүй гэж үзсэн бол 82.6 хувь нь хөгжиж буй орнууд болон өмнөдийн орнууд хиймэл оюун ухааны засаглалын дүрэм боловсруулахад илүү идэвхтэй оролцох ёстой гэж хариулжээ.
Эдгээр дүнгээс харахад хиймэл оюун ухааны асуудал зөвхөн технологийн хүрээнд үлдэхгүй, харин улс орнуудын хамтын ажиллагаа, ёс зүй, аюулгүй байдал, нийгмийн итгэлцэл, соёл иргэншлийн ирээдүйтэй холбоотой өргөн хүрээний асуудал болно.
Хиймэл оюун ухааны засаглал нь инновацын эсрэг зүйл бус, харин технологид зорилго, хязгаар, хариуцлага оноох үйл явц гэж үзэж байна. Машин сэтгэж эхэлсэн нь технологийн хөгжилд томоохон дэвшил авчирч байгаа ч хүн төрөлхтөн сонголт хийх эрх чөлөө, хариуцлагаа хадгалж чадах эсэх нь цаашдын хамгийн чухал сорилт болж байна.
| Хиймэл оюун ухаан хөгжихийн хэрээр хариуцлагын асуудал хурцаар тавигдаж байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.