Шууд Chart

ФИФА-гийн 20 тэрбум ам.долларын төлөвлөгөөг УЕФА эсэргүүцэв

2026-07-29 16:21:39

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний арилжааны үйл ажиллагааг хариуцах шинэ компани байгуулах төлөвлөгөөг танилцуулсан нь Европын хөлбөмбөгийн холбоо (УЕФА)-ны эсэргүүцэлтэй тулгарлаа.

ФИФА-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино шинэ компанийн үнэлгээг 20 тэрбум ам.доллар байхаар тооцоолж байгаа бөгөөд тус компани ДАШТ болон ФИФА-гийн бусад тэмцээний телевизийн шууд дамжуулалтын эрх, ивээн тэтгэгчийн гэрээ, тасалбарын борлуулалт, лиценз зэрэг орлого бүрдүүлдэг арилжааны үйл ажиллагааг нэгтгэн хариуцах аж.

Төлөвлөгөөний хүрээнд компанийн тодорхой хувийг хувийн хөрөнгө оруулагчдад санал болгож, төвлөрүүлсэн хөрөнгийг дэлхийн хөлбөмбөгийг хөгжүүлэх, гишүүн холбоодын санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Харин тэмцээнийг зохион байгуулах, дүрэм журам батлах, тэмцээний эрхийг эзэмших зэрэг үндсэн бүрэн эрх ФИФА-д хэвээр үлдэх юм.

Харин УЕФА энэхүү санаачилгыг ил тод бус боловсруулсан хэмээн шүүмжилж, хувийн хөрөнгө оруулагчид хөлбөмбөгийн арилжааны үйл ажиллагаанд хэт их нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж байна.

УЕФА-гийн Ерөнхийлөгч Александер Чеферин "Хөлбөмбөг бол ФИФА-гийн худалдах өмч биш. Бидний хэн нь ч хөлбөмбөгийн эзэн биш" хэмээн мэдэгдэж, ийм шийдвэр нь дэлхийн хөлбөмбөгийн засаглалд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарууллаа.

ФИФА шинэ компани байгуулснаар тэмцээний арилжааны орлогыг нэмэгдүүлж, гишүүн 211 холбоонд олгох хөгжлийн санхүүжилтийг өсгөнө гэж үзэж байгаа бол УЕФА үүнийг хөлбөмбөгийн ашиг сонирхлыг хөрөнгө оруулагчдын ашигтай хэт холбох эрсдэлтэй алхам гэж үзэж байгаа юм.


ФИФА-гийн 20 тэрбум ам.долларын төлөвлөгөөг УЕФА эсэргүүцэв  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй