Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон Улсын Хирошима мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Такаши Накамото тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.07.30) хүлээн авч уулзан Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагааг зам, тээврийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсад хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн харилцаа жилээс жилд өргөжин бэхжиж, зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн тэрбээр Япон Улсын Засгийн газар, ард түмний буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжсэн нийтийн тээвэр, авто зам, гүүр, төмөр зам, нисэх буудлын томоохон төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж ирснийг онцолж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй агаарын тээврийн либералчлалын бодлого, аялал жуулчлалыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй “Монголд зочлох жил” санаачилгын талаар санал солилцлоо. Энэ хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх гэж байгаа тухай танилцууллаа.
Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал-Улаанбаатар хотыг холбосон MRT буюу хурдан галт тэрэгний төсөл, түүнийг хэрэгжүүлэх боломж, техник, эдийн засгийн судалгааны явц, Японы төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар судалгааны ажлыг эхлүүлээд байгаа тухай дурдлаа.
“Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд Япон улсын Нагано мужийн Мацумото хотоос Өмнөговь аймгийн Гурвансайхан нисэх буудалд 2026 оны 7 дугаар сарын 18-нд анхны олон улсын шууд нислэгийг үйлдлээ. Энэхүү нислэгээр Монголын говь нутгийг зорьсон Японы 80 гаруй жуулчин хүрэлцэн ирснийг танилцууллаа.
Дараагийн нислэгийг Япон улсын Нагоя хотоос жуулчид авчирахаар төлөвлөж байгаа бөгөөд хамтран ажиллахаар албан бичгээ хүргүүлсэн гэдгийг онцоллоо. Мөн Монгол-Япон улсын шууд нислэгийн чиглэлээр Япон Улсын Хирошима мужийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хирошима мужийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Такаши Накамото Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг онцолж, хоёр орны зам, тээвэр, логистик, нисэхийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд Монгол, Японы Стратегийн тусгай түншлэлийн хүрээнд зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.


| Монгол, Японы шууд нислэгийн чиглэлийг өргөжүүлэх асуудлаар Хирошима мужийн удирдлагуудтай санал солилцлоо | ||
| Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.