Шууд Chart

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна

2026-07-31 09:33:08

Эрчим хүчний сайд Б.Найдалаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска үүрэгт ажлаа өгч, нутаг буцаж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) нь сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улсын эрчим хүчний шилжилтийг дэмжих чиглэлээр Эрчим хүчний яамны стратегийн түншээр ажиллаж, бодлого, эрх зүйн шинэчлэл, институцийн чадавхыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилтийн механизм, шинэлэг технологийн шийдлүүдийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Засгийн газрын Эрчим хүчний ногоон шилжилтийн стратегийг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа билээ. Тодруулбал, бодлого, зохицуулалт, стратегийн дэмжлэгийн хувьд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь эрчим хүчний шилжилтийг түргэтгэх, хүртээмжтэй хэрэгжүүлэх бодлогын орчин бүрдүүлэхэд дараах ажлуудыг хамтран хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Шударга эрчим хүчний шилжилтийн хүрээ (Just Energy Transition Framework)-г хамтран боловсруулсан. Энэ нь Монгол Улсад анх удаа эрчим хүчний бодлогыг эдийн засгийн төрөлжилт, хөдөлмөрийн зах зээлийн шилжилт, нийгмийн хамгаалал, бүс нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулсан үндэсний цогц баримт бичиг юм.
  • Эрчим хүчний салбарын зохицуулалтын туршилтын орчин (Energy Sector Regulatory Sandbox)-ы хүрээг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Энэхүү хүрээ нь шинэ технологи, дижитал шийдэл, бизнесийн загваруудыг өргөн хүрээнд нэвтрүүлэхээс өмнө зохицуулалтын хяналтын дор турших олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн механизмыг Монголд анх удаа нэвтрүүлж буй юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын сайн туршлагад үндэслэн хууль, эрх зүйн өөрчлөлт, институцийн зохион байгуулалт, засаглалын механизм, туршилтын хэрэгжилтийн талаар зөвлөмж боловсруулсан.
  • “Шударга эрчим хүчний шилжилт” сэдэвт Хүний хөгжлийн илтгэл боловсруулж, эрчим хүчний шилжилтийн нийгэм, эдийн засгийн үр нөлөөг үнэлэн, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж, бүс нутгийн хөгжлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлсон.
  • Тогтвортой халаалтын замын зураглал (Sustainable Heating Roadmap) боловсруулж, өрхийн түвшинд хамгийн үр ашигтай, техник, эдийн засгийн хувьд боломжтой цэвэр халаалтын шийдлүүдийг тодорхойлсон.
  • Ногоон болон уур амьсгалын хөрөнгө оруулалтын төсөл сонгон шалгаруулах, үнэлэх шалгуур боловсруулсан. Ингэснээр төрийн байгууллагууд уур амьсгалын санхүүжилт болон хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой төслүүдийг сонгон хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн.

Мөн чадварлаг хүний нөөц гэдгийг харгалзан “Шударга эрчим хүчний шилжилтийн ур чадварын хэрэгцээний үндэсний үнэлгээ”-г хамтран хийж байна. Уг үнэлгээгээр:

  • “Эрчим хүчний ногоон шилжилтийн стратеги (2026–2050)”-ийн хүрээнд өнөөгийн болон ирээдүйн ажиллах хүчний хэрэгцээг үнэлж,
  • Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бэлэн байдлыг үнэлж,
  • Сэргээгдэх эрчим хүчний өртгийн сүлжээнд шаардлагатай ур чадварын дутагдал, мэргэжлийн зөрүү болон шинээр бий болох ногоон ажлын байрыг тодорхойлж,
  • Хүний нөөцийг хөгжүүлэх, давтан сургах, ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийн талаар зөвлөмж боловсруулна.

Эл судалгааны үр дүн нь “Эрчим хүчний ногоон шилжилтийн стратеги”-ийг хэрэгжүүлэхэд бодлогын үндэс болох бөгөөд эрчим хүч, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ашиглах юм.

Түүнчлэн шинэлэг технологи, бизнесийн загваруудыг нэвтрүүлэх хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь эрчим хүчний салбарын үр ашгийг дээшлүүлж, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах халаалтын шийдлүүдийг туршихад дэмжлэг үзүүлж буй. Улаанбаатарын гэр хорооллын 148 өрхөд нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан халаалтын систем суурилуулж, хөтөлбөрийг нэмэлтээр 450 өрхөд өргөжүүлэн хэрэгжүүлснийг энд дурдаж болно. Улмаар уламжлалт нүүрсний халаалтыг орлох, бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай шийдэл нэвтрүүлэх боломжтойг харуулсан. Мөн төсвийн хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй, нүүрстөрөгчийн санхүүжилт болон хувийн хэвшлийн оролцоог хослуулсан санхүүжилтийн шинэлэг загваруудыг туршиж, өрхийн санхүүгийн ачааллыг бууруулах боломж бүрдүүлсэн юм.

Монгол Улсын эрчим хүчний салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр ийнхүү өргөн хүрээнд хамтран ажиллаж буйд сайд Б.Найдалаа талархал илэрхийлэв. Хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа талууд онцоллоо гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. 


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй өргөн хүрээнд хамтран ажиллаж байна  
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй