Шууд Chart

Нобелийн эдийн засгийн шагналтнаар хэн тодров?

2014-10-14 09:54:35

Францын эдийн засагч Жан Тироль зах зээлийн хүч нөлөө, зохицуулалтын талаар хийсэн судалгааны ажлаараа Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг хүртлээ. 1968 оноос анх олгож эхэлсэн энэ шагналыг найман сая крон буюу 692.000 фунт стерлинг дагалдсан байна. Харин өмнөх шагналтнуудын насыг дундчилж авч үзвэл Тироль тэднээс зургаан насаар залуу байна гэж BBC мэдээлэв. 

Шведийн Шинжлэх Ухааны Академийн мэдэгдсэнээр улс орнуудын хууль хяналтын байгууллагууд болон шударга өрсөлдөөнийг зохицуулах газрууд ноён Тиролийн судалгааны ажлын үр дүнд үйл ажиллагаа явуулахад чиглэл болсон шинэ, цогц механизмтай болжээ. Мөн түүнийг өнөө цаг үеийн хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг хэмээн тодорхойлсон байна.

Тиролийг судалгааны ажлаа хийхээс өмнө засгийн газрууд болон хууль хяналтын байгууллагууд монополь тогтоосон компаниудад үнийн хязгаар тогтоох, өрсөлдөгчдийг хамтран ажиллахыг хориглох гэх мэт энгийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байжээ. Харин түүний нотолсноор ийм арга хэмжээ авах нь зарим нөхцөлд сайн гэхээсээ илүү саар үр дүн дагуулдаг байна. Жан Тироль нь зах зээлд томоохон байр суурь эзэлдэг компаниудын үйл ажиллагааг хянах зохицуулалтын арга хэмжээг боловсруулах ажлаа 1980-аад оноос эхлүүлсэн аж. Мөн компаниудын хоорондох томоохон нэгдэн нийлэх үйл ажиллагааг хянах болон монополийг хэрхэн зохицуулах асуудлын хүрээнд голчлон ажиллажээ.

Дашрамд дурдахад Нобелийн шагналуудыг гардуулах ёслол Алфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд болох юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Нобелийн эдийн засгийн шагналтнаар хэн тодров?  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй