Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн, музейн сан хөмрөгт хадгалж буй үнэт өвийг олон нийтэд дэлгэн үзүүлэх зорилготой “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн нээгдлээ. Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн хөгжлийн түүхэн замнал, залгамж холбоо, уран бүтээлийн үзэл санаа, хэв маягийн хувьсал, уран сайхны өвөрмөц онцлог бүхий өв уламжлалын үнэ цэнийг өнөө цагийн үзэгчдэд соёлын ой санамжаар дамжуулж хүргэхэд чиглэж байна.

Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгийн ховор нандин цуглуулгаас олон нийтэд урьд өмнө дэлгэж байгаагүй 200 гаруй үзмэр эд зүйлсийг толилуулж буйгаараа онцлогтой.
Уг үзэсгэлэн нь музейн 60 жилийн хугацаанд бүрдүүлсэн үнэт цуглуулгын онцлох бүтээлүүдийг дээжлэн үзүүлэхээс гадна Монголын дүрслэх урлагийн оюуны өвийн үнэ цэн, өвлөн уламжлуулах ач холбогдлыг олон нийтэд хүргэх зорилготой юм.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь Монголын дүрслэх урлагийн түүх, соёлын өвөрмөц үзмэр цуглуулга бүхий улсын хэмжээний тэргүүлэх сан хөмрөгтэй. Тэдгээрийг судалж, хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулж түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, доктор П.Байгалмаа, Музейн ахмад ажилтан Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдмаа болон хүндэт зочид төлөөлөгчид, уран бүтээлчид, музейн ахмад ажилтнууд хүрэлцэн ирж үзэсгэлэнгийн нээлтийг үзэж сонирхов.
| “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн нээгдлээ | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.