Дэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулж буй Говийн бүсийн олон улсын малчдын хэлэлцүүлэг өнөөдөр Говьсүмбэр аймагт эхэллээ. Хэлэлцүүлэгт 18 орны 26, Говийн бүсийн аймгуудын 35 малчид, нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Монголын говийн малчдын хувьд байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлд бэлчээрийн нөөцийг зохистой ашиглах, мал сүргээ улирлын онцлогт тохируулан маллах, уламжлалт мэдлэг, арга ухаанаа хадгалан хөгжүүлэх нь нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах чухал үндэс болдог. Тиймээс ч говийн бүсийн малчид бэлчээрийн ургамлын онцлог, хуурай уур амьсгалд сөрөн тэсвэрлэх чадвар, мал сүргийн онцлог болон нүүдлийн мал аж ахуйтай холбоотой уламжлалт өв соёлоо олон улсын малчдад танилцуулав.

Нөгөө талаас, олон орны малчдын туршлагаас суралцаж, өөр өөр нөхцөлд хэрэгжүүлсэн шинэлэг арга, сайн туршлагыг нутагшуулах боломж бүрдэж буй юм. Ийнхүү малчид зөвхөн өөрсдийн мэдлэг, туршлагыг бусдад түгээхээс гадна харилцан суралцаж, бэлчээр, мал сүрэг, байгаль орчноо хамгаалах нийтлэг шийдлийг эрэлхийлж байна.

Тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг Дэлхийн малчдын тунхаглал, Эмэгтэй малчдын тунхаглал, Залуу малчдын тунхаглал боловсруулахад тусгаж, 8 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Монголын говийн малчдын олон зуун жилийн турш хуримтлуулсан байгальтай зохицон амьдрах ухаан, мал маллагааны уламжлалт арга туршлага ийнхүү олон улсын малчдын мэдлэг, туршлагатай нэг дор хүрч, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, нүүдлийн мал аж ахуйн ирээдүй зэрэг асуудлаарх олон улсын хэлэлцүүлэгт тусгалаа олж буйгаараа онцлог уулзалт боллоо гэдгийг оролцогчид хэлж байна.

| Говийн бүсийн хэлэлцүүлгээр малчид цөлжилтээс сэргийлэх, байгаль орчоо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна | ||
| Үзсэн: 69 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.