Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь газрын доройтол, цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртөөд байна.
Мөн ус цаг уурын гаралтай аюултай болон гамшигт үзэгдэл жилд дунджаар 67 удаа тохиолдож, сүүлийн 10 жилд давтамж, эрчим нь гурав дахин нэмэгджээ. Сүүлийн 25 жилийн хугацаанд эдгээр үзэгдлийн улмаас 601 хүн амь эрсдэж, 30 сая орчим толгой мал хорогдон, 888.9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Ийм нөхцөлд цаг уурын ажиглалт, мониторингийг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог сайжруулах шаардлага нэмэгдэж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт цаг уурын мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргалтыг дэмжих бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээ тулгарчээ.
Энэ хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газраас ухаалаг хөдөө аж ахуй ба цаг уурын байгууллагын оролцоо, уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг, элсэн болон шороон шуурганы ажиглалт, судалгаа, урьдчилан мэдээлэх тогтолцоо гэсэн үндсэн чиглэлээрх “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” зэрэгцээ арга хэмжээг маргааш зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлгээр эдгээр чиглэлд хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч болон мэдээллийн хэрэглэгч талууд санал солилцоно.
Мөн олон улсын байгууллага, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ уур амьсгалын санхүүжилт, буцалтгүй тусламж, судалгаа, инновацын хөрөнгө оруулалтыг салбарын бодит хэрэгцээтэй хэрхэн уялдуулах асуудлыг хэлэлцэх юм.



| СОP17: “Уур амьсгалын өөрчлөлт ба цахим мониторинг” арга хэмжээ зохион байгуулагдана | ||
| Үзсэн: 74 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.