Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.
Энэхүү бага хуралд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл оролцож байна.
COP17 бага хурал Цэнхэр бүс, Ногоон бүс гэсэн үндсэн хоёр хэсэгт салбар, өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилж байна.
Хурлын үеэр ажиллах бэлтгэгдсэн сайн дурын идэвхтнүүд дээрх 2 бүсээс гадна, соёл урлаг, үзэсгэлэн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
COP17 Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа нь нийслэлийн байгаль орчин, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн асуудлыг олон улсын түвшинд хэлэлцүүлэх, дэлхийн хотуудын сайн туршлага, шинэлэг шийдэл, технологийг судлах, нутагшуулах чухал ач холбогдолтой юм.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах шинжээч М.Оюунчимэг “НҮБ-тэй байгуулсан гэрээгээр Монгол Улс аюулгүй байдлаа хангах гэрээтэй. Аюулгүй байдлын нэг чухал үзүүлэлт нь эмнэлгийн тусламж үйлчилгээ буюу хүний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангахын тулд эрүүл мэндийн салбар аюулгүй байдлын хороотой хамтарч ажиллаж байна. COP17 хурлын байгууламж буюу цэнхэр ногоон бүсэд хуваагдаж байгаа. Цэнхэр бүс буюу НҮБ-ийн бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна. Мөн хөдөлгөөнт цэг ажиллаж байгаа бөгөөд байршил болгоно дээр нь анхны тусламжийг багцыг байршуулсан байгаа. Цэнхэр ногоон бүсэд 57 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна шаардлагатай хүнд лавлагаа шатлалын тусламж,төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Үүнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлэг, Нийслэлийн түргэн тусламжийн 7 баг ажиллаж байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Халдвар судлалын үндэсний төв ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай хамгааллын эмнэлэг бэлэн байдлаа хангаад ажиллаж байгаа.
Шаардлагатай тусламж үйлчилгээг хожимдуулахгүй байхын төлөөр эрүүл мэндийн салбар бүх л арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс гадна халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх ажлыг Хил хамгаалах болон Гаалийн байгууллагатай хамтарч хийж байгаа” гэдгийг онцоллоо.
COP17 үйл ажиллагаатай холбоотойгоор зам хааж зорчих хөдөлгөөнийг хязгаарласан байгаа. Иймээс Баянзүрх дүүргийн иргэдийг шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ авхад хүнд учруулахаас урьдчилан сэргийлж Баянзүрх дүүргийн 26 хорооны өрхийн эмнэлэг дэээр түргэн тусламжийн багцыг байршуулжээ.
| COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.