АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн асуудлаар Ирантай тохиролцоонд хүрэхээр хэлэлцэж буй Оманд цэргийн хүч хэрэглэж болзошгүй гэж мэдэгдсэн талаар Associated Press мэдээлжээ.
Тодруулбал, Трамп энэ долоо хоногт хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхдөө Оман АНУ-ын зорилгод “саад болбол” тус улсыг бөмбөгдөнө гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Тэрбээр өмнө нь ч Оманд ийм анхааруулга өгч байсан аж. Оманы Гадаад хэргийн яам Трампын мэдэгдэлд одоогоор албан ёсны хариу өгөөгүй байгаа юм.
Үүний цаана Ормузын хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх шинэ зохицуулалтын талаар Иран, Оман хоёрын хийж буй хэлэлцээ байгаа юм. Талууд хэдэн долоо хоногийн турш хэлэлцэж байгаа бөгөөд Тегераны мэдээлснээр тохиролцооны талаар хамтарсан мэдэгдэл гаргахаар ажиллаж байна.
Хэлэлцэж буй хувилбарын талаар бүс нутгийн эх сурвалжууд "Персийн булан руу орох хөлөг онгоцууд Ираны хяналттай замаар, харин гарах хөлөг онгоцууд Оманы хяналттай замаар зорчих зохицуулалт яригдаж байгаа гэжээ. Тээврийн шинэ тогтолцоонд тодорхой төлбөр хураамж багтаж болзошгүй байна. Гэхдээ тохиролцоо хэрэгжихийн тулд АНУ Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ цуцлах шаардлагатай" гэж мэдээлжээ.
Оманы тал энэ сарын эхээр Ирантай хийж буй хэлэлцээ “эерэг, бүтээлч уур амьсгалд” үргэлжилж байгааг мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Ормузын хоолойгоор зорчиж буй хөлөг онгоцуудад халдсан удаа дараагийн халдлагыг буруушаасан байна.
АНУ Ормузын хоолойг бүрэн нээхийг шаардаж байгаа бол Иран тус хоолой дахь өөрийн аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхол болон эрэг дагуух улсын бүрэн эрхийг харгалзсан шинэ зохицуулалт шаардаж байгаа юм. Одоогоор газрын тос, байгалийн хий болон бусад бараа бүтээгдэхүүний тээвэр Ормузын хоолойгоор хязгаарлагдмал хэмжээнд үргэлжилж, хөлөг онгоцуудад халдах эрсдэл хэвээр байгааг AP тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ АНУ, Ираны хооронд байгуулсан түр тохиролцооны дараах 60 хоногийн хэлэлцээний хугацаа дууссан бөгөөд сунгасан талаар мэдээлэл гараагүй байна. Трамп одоогоор Ирантай хийх шинэ хэлэлцээ товлоогүй гэж мэдэгдсэн тул Ормузын хоолойн асуудлаарх Иран-Оманы яриа хэлэлцээ бүс нутагт бодитоор үргэлжилж буй гол дипломат суваг болоод байна.
| Трамп Ормузын хоолойн асуудалтай холбоотойгоор Оманыг бөмбөгдөнө гэж сүрдүүлжээ | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.