АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадын 20 тэрбум ам.долларын импортод ногдуулахаар төлөвлөсөн 50 хувийн тарифыг гурван хоногоор хойшлуулснаа мэдэгдлээ.
Шинэ тариф наймдугаар сарын 19-ний 00:01 цагаас хэрэгжиж эхлэх байсан ч хоёр улс эцсийн мөчид тохиролцоонд хүрснээр түр хойшилжээ. Трамп хоёр тал хэлэлцээрийн баримт бичгийг эцэслэн боловсруулах нөхцөлтэйгөөр тохиролцсон гэж мэдэгдэв.
Тариф хэрэгжсэн тохиолдолд Канадын АНУ-д нийлүүлдэг зарим төрлийн бараанд 50 хувийн импортын татвар ногдох байв. Харин Канад хариуд нь АНУ-ын бараанд нэмэлт тариф тогтоохоо анхааруулсан нь хоёр орны худалдааны маргаан улам даамжрах эрсдэл үүсгээд байсан юм. Хоёр улс өнгөрсөн онд нийт 880 тэрбум ам.долларын бараа, үйлчилгээ харилцан худалдаалжээ.
Канадын Ерөнхий сайд Марк Карни, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар сүүлийн хоёр хоногт хоёр удаа утсаар ярьсан бөгөөд мягмар гарагт дахин хэлэлцсэн гэж Канадын Ерөнхий сайдын ажлын алба мэдээлжээ. Үүний зэрэгцээ хоёр улсын худалдааны төлөөлөгчид Вашингтонд хэлэлцээг үргэлжлүүлсэн байна.
Канадын хувьд АНУ хамгийн том экспортын зах зээл хэвээр бөгөөд өнгөрсөн онд тус улсын бараа бүтээгдэхүүний экспортын 72 орчим хувь АНУ-д ногджээ. Тиймээс 50 хувийн тариф хэрэгжвэл Канадын экспортод мэдэгдэхүйц дарамт учруулах эрсдэлтэй. Нөгөө талаас тарифыг АНУ-ын импортлогчид төлж, зардлын тодорхой хэсэг барааны үнэд шингэх боломжтой тул Америкийн хэрэглэгчдэд ч нөлөөлөхөөр байгааг Ассошиэйтед Пресс онцолжээ.
Трамп Канадын бараанд тариф ногдуулахдаа 1930 оны Тарифын тухай хуулийн 338 дугаар зүйл-ийг ашиглахаар төлөвлөсөн аж. Уг заалт нь АНУ-ын компаниудыг ялгаварлан гадуурхсан гэж үзсэн улсын импортод 50 хүртэл хувийн тариф тогтоох эрхийг Ерөнхийлөгчид олгодог бөгөөд өнөөг хүртэл практикт ашиглагдаж байгаагүй юм.
АНУ, Канад, Мексик мөн гурван улсын худалдааны хэлэлцээрээ дахин хэлэлцэж буй бөгөөд Канадын эсрэг тариф тогтоох боломж нь Вашингтоны хэлэлцээний нэг хөшүүрэг болж байна.
| АНУ: Канадын бараанд ногдуулах 50 хувийн тарифын хэрэгжилтийг гурван хоногоор хойшлуулав | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.