Шууд Chart

Дональд Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоох чиглэл өгчээ

2026-08-19 16:25:39

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хийх хэлэлцээг одоогоор үргэлжлүүлэхгүй байх чиглэлийг хэлэлцээний багтаа өгчээ. АНУ-ын албаны эх сурвалжуудын мэдээлснээр Трамп Ираны тал өмнө тавьсан шаардлагуудыг биелүүлэх хүсэлгүй байгаа гэж үзэж, Тегеран байр сууриа өөрчлөх хүртэл хэлэлцээг үргэлжлүүлэх сонирхолгүй байгаа аж.

Энэ шийдвэр нь Иран, Оман Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ хийж, Тегеран АНУ-д тавих шаардлагуудаа дахин илэрхийлсэн үед гарч байна. Ираны тал АНУ далайн бүслэлтээ цуцалж, өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл Ормузын хоолойг бүрэн нээхгүй гэсэн байр сууриа илэрхийлээд байгаа.

Оман Ормузын хоолойгоор зорчих хөлөг онгоцны хөдөлгөөнийг хэвийн болгох чиглэлээр Ирантай хэлэлцээ хийж байгаа талаар бид өмнө мэдээлсэн. Харин Трамп Оман, Ираны хооронд яригдаж буй тохиролцооны зарим нөхцөлд дургүйцлээ илэрхийлсэн. 

Эдгээрээс АНУ-ын тал Ираны удирдлага одоогийн байр сууриа өөрчилж, Вашингтоны хүсэж буй хэлэлцээрийг байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тохиолдолд хэлэлцээг дахин эхлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Вашингтон Иранд богино хугацаанд хүчтэй цохилт үзүүлэхээс илүүтэй эдийн засаг, цэрэг, дипломат дарамтыг удаан хугацаанд үргэлжлүүлэх чиглэлд бодлогоо өөрчилж байгаа талаар АНУ-ын албаны эх сурвалжууд мэдээлжээ.


Дональд Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоох чиглэл өгчээ  
Үзсэн: 60 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй