
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа. Манай улсын морьт харваачдын хувьд энэхүү спортоо соёлын өвд бүртгүүлэх хүсэлтэй байгаа билээ.
-Морьт харвааны тамирчид “Морьт харваа” гэх спортыг ЮНЕСКО болоод Монголын соёлын өвд бүртгүүлэх хүсэлтээ тавьсан гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ер нь бол нэг улс ЮНЕСКО-д жилд нэг удаа л соёлын өвөө бүртгүүлэх боломжтой байдаг. Манай улсын хувьд энэ жил ямар нэгэн соёлын өвийг бүртгүүлнэ гэх асуудал байхгүй. Хоёрдугаарт, Дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэг тийм амар зүйл биш. Бэлдэж, бэлдэж байгаад нэг зүйлийнхээ талаарх материалыг явуулдаг. Тэр нь мөддөө шийдэгддэггүй. Ер нь аливаа өвийг эхлээд Монголынхоо соёлын өвд бүртгэж аваад, дараа нь ЮНЕСКО-д нэр дэвшүүлдэг. Морьт харвааны талаар бол бидэнд ямар ч санал ирээгүй. Харваачдын тухайд яривал Монголын уламжлалт харваа буюу эрийн гурван наадмын нэг төрөл болсон харвааг ЮНЕСКО-д бүртгүүлсэн шүү дээ. Харин морьт харваачдын хувьд язгуур утгаараа манай уламжлалт харвааны нэг төрөл шиг санагддаг. Спорт руу оруулах уу, тоглоом наадгай руу оруулах уу гэдэг асуудалтай.
-Энэ харвааны төрлийг БНСУ өөрсдийн нэр дээрээ бүртгүүлсэн байдаг гэсэн. Энэ талаар...?
-Ер нь бол Монгол гэдэг улс л дайн байлдаанаараа дэлхийд ноёлж байсан юм биш. Дэлхийн тэр олон улс гүрэнд морьт харваа байж л таараа. Түүнд манайд үүссэн, манайх авах ёстой гэж маргалдах үндэс ер нь байхгүй л дээ.
-Тэгвэл уртын дууг Хятад улс бүртгүүлсэн байдаг гэж байна. Үнэн үү?
-Нэн түрүүнд уртын дуу манай нэр дээр Дэлхийн биет бус соёлын өвд 2009 онд бүртгэгдсэн байдаг. Гэхдээ Хятад улсын нэр дээр ч бий. Энэ нь Өвөрмонголчуудтай холбоотой байж болох.
-Тэгэхээр нэг соёлын өвийг хэдэн ч улсын нэр дээр бүртгэж болно гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй. Ер нь нэг соёлын өвийг маш олон улс өөрийн нэр дээрээ бүртгүүлэх санал гаргадаг. Тэгээд дэлхийн соёлын өвийн байгууллага шалгаж үзээд, язгуур үндэслэлээрээ хамгийн их боломжтойд нь бүртгүүлэх эрх өгдөг. Гэхдээ ер нь ийм асуудал дээр “Бид л дэлхийг эзэлж явсан, биднээс өөр уртын дуу, морьт харваа, язгуур урлагийг эзэмших улс байх ёсгүй” гэж туйлширч болохгүй л дээ.
Г.Жаргалсайхан: Морьт харвааг ЮНЕСКО-д бүртгүүлэх санал ирээгүй | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.