Шууд Chart

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав

2026-08-25 14:35:50

Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2026 оны бэлтгэл хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан хүүхдүүдийн нэрс тодорлоо.

Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан холбогдох журмын шалгуурын дагуу болзол хангасан сум, хороо бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо тэргүүлсэн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг.

Хөндлөнгийн оролцоогүйгээр буюу программаар шүүж гаргасан жагсаалтыг Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан ирүүлсэн Боловсролын яамны 01/4831 тоот албан бичгийг үндэслэн 420 хүүхдийн нэрийг зарлаж байна.

Болзол хангасан хүүхдүүд төрийн өмчийн их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ.

Бэлтгэл хөтөлбөрөө амжилттай төгссөн тохиолдолд сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамаарч аль улсын ямар их, дээд сургуульд сурах нь шийдэгдэнэ.

Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн хүүхдүүдтэй бэлтгэл хөтөлбөрийг зохион байгуулах их сургуулиуд холбогдож зааварчилгаа, мэдээлэл өгөх юм.

Жагсаалтад нэр нь багтсан хүүхдүүд 2026 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 101 тоотоос болон 9988 9379, 9994 9945 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой. Байршлыг эндээс харна уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-тай энд дарж танилцана уу.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг ЭНД дарж харна уу. 


“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлав  
Үзсэн: 78 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй