Шууд Chart

СОР17 болон СОР31 хурлаас гарах шийдвэрийг үр дүнд хүргэж, ахиц гаргана

2026-08-25 14:44:03

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Фатма Варанктай хоёр талт уулзалт хийлээ.

Уулзалтаар НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17), ирэх 11 дүгээр сард Турк Улсад зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31)-д Монгол Улсын оролцоо, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээрх талуудын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд дэд сайд Фатма Варанк Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 хурлын бэлтгэл, зохион байгуулалт, талуудын оролцоог өндөр түвшинд хангасныг үнэлж, COP31 хурлын бэлтгэлд Монгол Улсын туршлагаас судлахаар зорьж байгаагаа онцоллоо.

Түүнчлэн хоёр улсын хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжиж байгаа нь цөлжилтийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад томоохон түлхэц болж байгааг цохон тэмдэглэлээ.

Бүгд Найрамдах Турк Улс нь хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буй улсын нэг бөгөөд барилга байгууламжид ашиглагдах цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон хаягдлыг бууруулахад анхаарч, дахин боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байгаагаа тодотголоо.

Сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсад зохион байгуулагдаж буй COP17 хурлыг дэмжиж, өндөр түвшний оролцоотой ажиллаж буй Турк Улсад талархал илэрхийллээ.

Мөн Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон Монгол Улс хамтран “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд дэвшүүлж буй гурван санаачилгыг дэмжихийг хүсэв.

Уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Талуудын бага хурлаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхэд хамтран ажиллахаар тогтов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

Нийтэлсэн: COP17 Mongolia

СОР17 болон СОР31 хурлаас гарах шийдвэрийг үр дүнд хүргэж, ахиц гаргана  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй