НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Ерөнхий захирлын орлогч, хатагтай Бет Бекдол тэргүүтэй төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, малын эрүүл мэнд, вакцинжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтын ажиллагааны санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Ц.Идэрбат Монгол Улсын мал аж ахуй, бэлчээрийн тогтвортой менежмент, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын ХХААБ-д талархал илэрхийлэв.
Тэрбээр “Нэг сум-Нэг малын эмнэлэг” хөтөлбөр, “Нутагтаа эзэн-100:1000” төсөл болон малын эрүүл мэнд, экспортын зах зээлийн хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх санал гаргалаа.
Мөн Монгол Улс НҮБ-ын ХХААБ-тай малын эрүүл мэнд, вакцинжуулалт, мал эмнэлгийн үйлчилгээний тогтолцоо, хил дамнасан мал, амьтны өвчний хяналт, бэлчээрийн тогтвортой менежмент, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг уялдуулсан цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгааг онцлов. Цаашид хамтын ажиллагааг стратегийн түвшинд өргөжүүлж, мал аж ахуйн салбарыг тогтвортой, бүтээмжтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх зорилтыг танилцууллаа.
НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Бет Бекдол COP17-ын хүрээнд хэлэлцэгдэж буй бэлчээрийн мал аж ахуй, бэлчээр хамгаалах чиглэлийн Монгол Улсын санаачилгыг дэмжиж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн НҮБ-ын “Нэг эрүүл мэнд” (One Health) үзэл баримтлалын хүрээнд зарим төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Мөн НҮБ-ын ХХААБ-аас манлайлан хэрэгжүүлж буй “Хил дамнасан мал, амьтны өвчний дэлхийн түншлэлийн хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ дэмжиж байгаад талархал илэрхийлж, Ром хотноо болох Дэлхийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад сайд Ц.Идэрбатыг оролцож, Монгол Улсын дэвшүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын хандивлагч, хөрөнгө оруулагчдад танилцуулахыг урив.
Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, хэрэгжүүлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлон ажиллахаар санал нэгдэв гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

| Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Бет Бекдолтой санал солилцов | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.