Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 162 дугаар захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шатахууны жижиглэн борлуулалтын үнийг үндэслэлгүй нэмэгдүүлэх, зах зээлд зохиомол хомсдол үүсгэх зорилгоор шатахуун борлуулалтыг зогсоох зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх чиглэлээр Монополын эсрэг газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
1. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд “хэрэглэгчдэд шатахууны худалдаа, үйлчилгээтэй холбоотой үнэн зөв, ил тод мэдээлэл өгөх, хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар шатахууны худалдаа, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхгүй байх, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах” талаар зөвлөмж, албан шаардлага хүргүүлсэн.
2. “Тэс петролиум” ХХК-аас 2026 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тус компанийн дугаар салбарын эрхлэгч О нь хэд хэдэн хэрэглэгчдээс өөрийн хувийн дансандаа төлбөр авах замаар дугаарлалт харгалзахгүй давуу байдал олгож, шатахуун борлуулсан зөрчлийг шалгасан. Уг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.7-д заасан “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” зөрчилд хамаарах тул хэргийг шалган шийдвэрлэж, 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.
3. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монополын эсрэг газрын улсын байцаагчид ажиллаж, нийслэлийн 6 дүүрэгт шатахууны жижиглэн борлуулалт эрхэлж буй ШТС-уудад хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Сод монгол групп” ХХК, “Тэс петролиум” ХХК, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай петролиум” ХХК, “Аргаль Ойл” ХХК, “Монсуль” ХХК, “Горгаз” ХХК-ийн ШТС-ууд хамрагдсан болно. Тус хяналт шалгалтаар “Сод монгол групп” ХХК-ийн ШТС-1, ШТС-2, ШТС-3, ШТС-13, ШТС-39, ШТС-42, ШТС-43 салбарууд АИ-92 төрлийн шатахууны тодорхой нөөцтэй боловч хэрэглэгчдэд тодорхойгүй шалтгаанаар шатахуун борлуулахгүй, зарим ШТС-аа хаасан байсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан “хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар бараа, ажил, үйлчилгээний хиймэл хомсдол үүсгэсэн” гэж заасныг зөрчсөн байж болзошгүй байх тул үргэлжлүүлэн шалгаж байна.
4. Архангай аймгийн Чулуут суманд үйл ажиллагаа явуулдаг “Оргих цогт ундарга” ХХК-ийн ШТС АИ-92 шатахууныг литрийг нь 4,500 төгрөгөөр борлуулж байгаа гэх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэг нээн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Монополын эсрэг газраас мэдээллээ.


| Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.