Шууд Chart

Миний нэрний харагдах байдлыг өөрчлөөд надад зарна гэнэ шүү...

2014-10-16 12:27:56

“Бурхангүй газрын бумба галзуурна” гэгчийн үлгэр манайд болоод байх шиг. Энэ сарын эхнээс эхлэн томоохон сайтуудын эздийн цахим хаягаар “Датаком” ХХК-иас анхааруулсан захидал ирэх болжээ. Тус анхааруулгад “.MN домэйн хаяг эзэмшигчдийн анхааралд “Манай “Датаком” ХХК энэ оны зургадугаар сараас монгол домэйн буюу кирил үсгээр “.МОН” өргөтгөл бүхий домэйн нэрийн үйлчилгээг нэвтрүүлээд байна. Иймээс танай сайтын “.МОН” өргөтгөлтэй домэйн хаягийг худалдан авах эрхийг олгож байгаа юм. Та энэ сарын 14-өөс өмнө www.mon.mn вэб хуудсанд хандаж домэйн нэрээ бүртгүүлнэ үү. 15-ны өдрөөс эхлэн “.МОН” домэйн нэрний бүртгэл олон нийтэд нээлттэй болж, хэн түрүүлж холбогдсон нь домэйн нэрийн эзэн болно. Та домэйн нэрээ түрүүлж бүртгүүлээрэй” гэх захидал иржээ. Энэ захидал яамдын хаягаар албан бичиг болон хүргэгдсэн гэнэ. Үүнийг тайлбарлавал, манай сайтын “МNB.mn домэйныг галиглаж “МНБ.мон” болгоно гэсэн үг юм. Бид энэ хаягаа авахгүй бол манай “.МОН” өргөтгөлтэй хаяг өөр нэгний өмч болох аж. Хэрэв тийм тохиолдолд манай сайтын хувьд нэлээдгүй хохирол амсаж мэднэ. Дээр нь Монголын хэвлэл мэдээллийн салбарт аль хэдийнэ өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, гадна, дотны хэдэн мянган уншигчтай болсон сайтуудын нэрийг барьж луйвар хийх хүмүүс олширно. Харин худалдан авсан тохиолдолд бид тэднийг зүгээр л хадгалж, домэйн эзэмшигч “Датаком” ХХК-д тодорхой хэмжээний түрээс төлж сууна гэсэн үг. Энэ хэр үнэнд нийцэх зүйл вэ. Энэ үнэхээр шударга өрсөлдөөн байж чадах уу. Үнэхээр оюуны өмч зөрчихгүй асуудал мөн үү гэдгийг дор өгүүлнэ.

 “Датаком” компанийн хувьд 1994 оноос үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Олон улсын “International Corporation for Assigned Names and Numbers” корпорацийн албан ёсны итгэмжлэлтэй “.MN” домэйн нэрийн бүртгэгч байгууллага юм. Мөн “Google” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. “Датаком” ХХК өчигдөр өглөөнөөс эхлэн анхааруулга хуудсаа арилгаж “.МОН” домэйныг худалдаалах талбараа нээсэн билээ. Үүнтэй холбогдуулан тус компанийн мэргэжилтнээс лавлахад “Домэйн нэрний тухайд хэн түрүүлж бүртгүүлсэн нь авдаг хуультай. Ер нь онлайн ертөнц гэж өрсөлдөөний дунд байдаг газар. Манайх олон улсын “ICANN” корпорацийн хууль, журмаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Дэлхийн бусад улсууд өөрийн улсынхаа домэйн нэртэй хаягийг ашигладаг болсон. Манайд нэвтрээгүй байсан зүйлийг л нэвтрүүлсэн төдий. Одоогоор нэлээд хэдэн газар “.МОН” өргөтгөлтэй домэйн нэрээ аваад байна. Бүр тодруулбал, төрийн хэд хэдэн сайт, зарим нэг мэдээллийн сайт авсан. Нэрийг хэлэх боломжгүй” гэлээ.

Харин энэ асуудалд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын Улсын ахлах байцаагч Ж.Очирхуяг “Бидэнд одоогоор ийм гомдол ирээгүй. Ер нь ийм асуудлын талаар шалгуулах гэж байгаа бол эхний ээлжинд байгууллагын тамгатай, албан бичиг явуулах ёстой. Түүний дараагаас бидэнд “Датаком” ХХК-д шалгалт хийх эрх бүрдэнэ. Ерөнхийдөө Домэйн нэр олгох тухай журамд “Нэрийг давхардуулж олгохгүй” гэж заасан байдаг юм билээ. Өмнө нь үүнтэй төстэй гомдол манай байгууллагад ирж байсан. “МИАТ”, “Монголиан Аэрлайнес Групп” компаниуд болоод МҮДС, МУИС-уудын хооронд домэйн нэрний асуудал үүсч байлаа. Тэр үед шалгаж байхад журманд нь давхар олгохгүй гэж заасан байдаг. Харин энэ удаагийн асуудал бол “.МОН” өргөтгөл авах гэхээр бидэнд хүсэлт гаргуулж шалгуулна даа” гэв. Тэгэхээр тэд нэрийг ийнхүү галигласныхаа төлөө мөнгө нэхэж буй хүмүүсийн үйлдэл шударга уу, үгүй юу гэдгийг шалгаж байж хэлэхээр болсон.

“Датаком” компанийн хувьд энэ бол шударга өрсөлдөөн. Тэд бараг л “Аль сэргэлэн нь амьдардаг цаг болсон” гэх зүйл яриад сууж байна билээ.

Үнэхээр тэдний хэлсэн шиг “сэргэлэн” нэгэн нь цахим ертөнцөд манлайлдаг уу, аль эсвэл зарим нэгний арьсаа хамгаалахаар хэлсэн үг үү гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооны Тоон контентийн албаны зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Алтайгаас тодрууллаа. Тэрбээр “Ер нь томоохон улсууд өөрсдийн улсын домэйнийг ашигладаг болсон. Жишээлбэл, Орос, Хятад гэх мэт улсыг нэрлэж болно. Таны яриад байгаа зүйл олон улсад мөн гардаг. Манай улсын хувьд Харилцаа холбооны зохицуулах хороо үүнд хориг тавих эрх байхгүй. Үүнийг зохицуулдаг хууль, тогтоомж гэж манай улсад байхгүй. “Датаком” компанийн хувьд Олон улсын “ICANN” корпорацийн дүрэм, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг учраас хууль зөрчсөн гэж үзэж болдоггүй. Ер нь танайх кирил үсэгтэй “.МОН” өргөтгөлтэй домэйн нэрээ авахгүй бол зарах эрхтэй. Зөвхөн танайд хадгалаад байна гэх журам энэ салбарт байдаггүй. Дэлхийн томоохон компаниуд өөрсдийн нэр дээрх бүх домэйн эрхээ худалдаад авчихсан байдаг юм билээ. Гэхдээ танай байгууллагыг эрхээ ав гэж хэлж байгаа хэрэг биш шүү. Манайд одоохондоо үүнийг зохицуулах хууль алга. Манай хороо үүнийг харсан. Шалгаж байгаа. Холбогдох мэргэжилтнүүд маань энэ талаарх хууль журам, зохицуулалтыг судлахаар олон улсын хуралд явсан байна. Бид энэ талаар хуультай болох хэрэгтэй. Түүн дээрээ “Хэрвээ оюуны өмчөөр хамгаалагдсан домэйн нэрийн “.МОН” нэрийг бусдад зарж, борлуулах бол домэйн эзэмшигч байгууллагаас зайлшгүй зөвшөөрөл авах ёстой” гэх мэтээр тодорхой зааж өгөх хэрэгтэй л дээ” гэж тайлбарлалаа.

Тэгэхээр одоохондоо манайд цахим ертөнц болоод домэйн нэрийг хэн авч болдог, болдоггүйг зохицуулах хууль байхгүй байгаа нь “Датаком” компанийн хувьд олз болоод байх шиг. Тэд хуулийн цоорхойг овжин ашиглаж байна. Тийнхүү олон улсын дүрэм журамд захирагдсан, Монголын цахим ертөнц тэр дундаа домэйн нэрний эрхийг ганцаараа атгадаг тэдний “хаан” мэт үйлдлийг буруутгаж болохгүй нь.

Ер нь дэлхийн бусад улс цахим ертөнцийн энэ мэт үйлдлийг хэрхэн шийдвэрлэдгийг сонирхож үзлээ. Дэлхий даяар үүнийг “бизнес” гэж үздэг аж. Тиймээс хориг тавьж, хааж боогдуулдаггүй гэнэ.

Олон улсын жишгээр домайн нэр тодорхой хугацаанд өөрөө автоматаар устдаг аж. Устсан домайн нэрийг дахин сэргээхэд үйлчилгээний жилийн хураамж болох дунджаар 35-40 ам.доллараас гадна 100-110 ам.доллар төлөх шаардлагатай. Сэргээгдэх хугацаа нь устгаснаас хойш 20 хоног нэгдсэн санд байдаг. Энэ хугацаанд уг нэрийг сэргээгээгүй тохиолдолд устгагдахаар хүлээгдэж байгаа буюу “Pending delete” горимд шилждэг аж. Мөн тав хоногийн дараа “Whois” мэдээллийн сангаас бүрэн устаж, олон нийтэд нээлттэй болдог тул нэрийг дахин бүртгүүлэн худалдаж авах боломжтой болдог юм байна. Ер нь олон улсад домайн нэрийг хэн түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшдэг гэх бичигдээгүй хууль үйлчилдэг. Иймд ашигтай нэрийг түрүүлж бүртгүүлээд бусдад дамлан худалдах суудал түгээмэл байдаг гэнэ.

Гэтэл манайд ядахнаа энэ мэтийн зохицуулалт байхгүйгээс өнөөдрийн энэ байдал үүсч байна. Уг нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 2001 оны 11 дүгээр сард шинэчлэн батлагдсан заалтуудад тус хороо нь “Харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, Тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг эрхийн хэмжээнд шийдвэрлэх” гэх мэт үүргийг гүйцэтгэнэ хэмээн дурдсан байх юм. Гэтэл энэ мэт үйлдэлд одоог хүртэл шалгалт хийж, хамгийн их хэрэгтэй байгаа цахим ертөнцийг зохицуулах хуулиа УИХ-д өргөн бариагүй байна. Өөрсдийн эрхийн дагуу үйл ажиллагаа явуулдаг ч тэдний эрх дэндүү хязгаарлагдмал. Гэтэл сүүлийн жилүүдэд сонин, радио, телевизийн араас сайтууд хүч түрэн гарч ирэх болсон. Иргэд сонин уншиж, телевиз үзэхээс илүүтэйгээр сайтад хандаж, бүхий л мэдээллээ авахыг эрмэлздэг болж. Ийм үед уншилт ихтэй, топ сайтуудын нэрээр өөр нэгэн мөнгөний шуналтан үйл ажиллагаа эхлүүлбэл яах вэ. Үүнд ХХЗХ-ны Зохицуулалтын албаны мэргэжилтэн Б.Алтай “Хэрэв танай нэртэй ижил төстэй жишээлбэл “MNB.mn” гэх домэйны монгол хувилбарыг MНБ.мон гэж авчихаад танай байгууллагын өмнөөс ашиглаад байвал та бүхэн Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандах ёстой. Ийм тохиолдолд буруутай этгээд болоод байгууллага, домэйн нэр худалдаалсан “Датаком” компанийг ч шалгах эрх бүрдэнэ” гэх хариулт өглөө.

Гэтэл “Датаком” компани 2014 оны дөрөвдүгээр сард баталсан “Монгол домэйн нэрийн журам” гэгчийнхээ 9.3-т “Домэйн нэрийн эзэмших эрхийн маргаантай холбоотой асуудлаар талууд Монгол Улсын албан ёсны зөвшөөрөлтэй хуулийн фирм, өмгөөлөл, эвлэрүүлэн зуучлах төвөөр дамжуулан гомдлоо барагдуулах үүрэгтэй ба “.мон” бүртгэлийн үйлчилгээ үзүүлэгч нь ийм төрлийн маргаан татагдан оролцохгүй” хэмээн заажээ. Тэгэхээр ямар нэгэн асуудал гарахад тэд оролцохгүй нь.

Гэхдээ тэд тус заалтынхаа 2.6-д “Хэрэглэгч нь монгол домэйн нэрийн сонголт, домэйн нэрийн бүртгэлтэй холбоотой гуравдагч этгээдийн эрхийг зөрчих, уг зөрчилтэй холбоотой гарч болох болзошгүй хохиролд хариуцлага хүлээнэ. Ийм төрлийн зөрчил гаргахгүйн тулд Хэрэглэгч домэйн нэрээ бүртгүүлэхдээ алдартай брэнд болон ижил барааны тэмдэгт, байгууллагын нэр, оюуны өмчийн бусад объектын нэр нэршил давхардуулж сонгохгүй байх үүрэгтэй” гэж зааж өгсөн байгаа юм. Үүрэг, журам, хууль гэдэг ялгаатай ойлголт. Манайханд хэзээнээс хэрэглээд сурсан “Хүн хэлэхээс нааш ойлгодоггүй, цаас чичихээс нааш цоордоггүй” гэх мэргэн үг бий дээ.

Ямартай ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Датаком” ХХК ийм бодолтой байна. Харин Монголын сайтуудын холбоо ямар байр суурьтай байна вэ. Үүнийг тодруулахаар Монголын сайтуудын холбооны ерөнхийлөгч Ж.Жаргалсайхантай холбогдлоо. Тэрбээр “Сайтын холбооноос “Датаком” ХХК-г ШӨХТГ-т шалгуулах хүсэлт гаргана гэж бодож байна. Ер нь “Bolormaa” гэдэг нэрийг Болормаа.мон гээд Болормаад зарах гээд байна гэдэг болохгүй асуудал биз дээ. Дэлхий нийтээрээ англи үсэг ашиглаж домэйн нэрээ бичиж байхад манайх ийм юм хийх гээд байгаа нь зарим хүмүүсийн бизнес гэж харж байна. За яахав ийм болголоо гэхэд үүнийг монголчуудаас өөр хэн ашиглах юм бэ. Өөрсдөө “.mn”-тэй домэйныг ашигладаг байж шүү дээ. Бидний хардлагаар үүний ард 1 тэрбум 500 сая магадгүй үүнээс илүү мөнгөний асуудал байна гэж ойлгож байгаа. Одоогоор “Датаком” ХХК-тай холбогдоогүй байна. Ганц хоёр хүний шантааж хийж буй, мөнгө олох гэж улайрч байгаа ажил учраас тэд нартай холбогдох ч шаардлага алга. Одоогоор зарим нэг сайт “.мон” домэйн нэрээ авсан сурагтай байна. Танай эрхийг зарлаа, бусдад өглөө гэж сүрдүүлээд байхаар зарим нэг нь айсан байх л даа. Гэхдээ бид үүнийг шалгуулж, үнэн мөнийг олуулсныхаа дараа асуудлыг ярих болно. Ийм юм байж болохгүй шүү дээ” гэлээ.

Энэ мэт олон улсад домайн нэрийн үнэ цэнэ тэнгэрт хадсан байгаа жишгийг монголчууд хуулийн цоорхой ашиглан бусдад тулгаж наймаалж байгаа нь бизнес эрхлэгчдийг жигшээх болжээ. Энэ тал дээр хууль хяналтынхан болон холбогдох байгууллага ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол удахгүй танд ч энэ асуудал тулгарахыг үгүйсгэхгүй. Танд ашигтай домэйн хаяг худалдчихаад “Ашгийн чинь 50 хувийг чинь эзэмшинэ” гээд сууж мэдэх хүмүүс цөөнгүй байгааг сануулъя. Ашигтай бизнес ч зарим тал дээр анхнаасаа дутагдалтай зохицуулалт хийсэн нь харагдаж байна. Хэн ч зүтгэж олсон хөрөнгөө цахим ертөнцийн “мангас”-уудад алдахыг хүсэхгүй. Болгоомжлохтун...  


 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Миний нэрний харагдах байдлыг өөрчлөөд надад зарна гэнэ шүү...   
Үзсэн: 7192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Баатар [139.5.217.xxx] 2016-09-27 22:27
ICANN-д бүртгэлийн хураамж гэж 0.18$ төлдөг ш дээ. Тэгээд 5 нугалаад 1$-оор зарахад хангалттай ш дээ. Датаком домайн нэр 60000₮-өөр зараад арай аймаар дамлах юмаа п
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-10-21 18:49
элгийг нь авах юмаа. Ийм юм ерөөсөө байж болохгүй
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-10-21 18:49
элгийг нь авах юмаа. Ийм юм ерөөсөө байж болохгүй
202.179.27.xxx [202.179.27.xxx] 2014-10-18 15:36
hend ch hereggui teneg teneg yum bichih yum aa ene setgvvlh nar neeree.
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-10-16 13:38
naad datacomiig ashiglhaa baichaachdee. monopol n dendej baigan bna
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-10-16 13:00
Bi onoodor ooriinhoo latin bolon solongos galigtai neree zarnaa...

Бидэнтэй нэгдээрэй