Өнгөрөгч долоо хоногт улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг эдийн засгийг эрчимжүүлэх, яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй болгох үүднээс Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг өргөн барьж, УИХ-аар батлуулсан. Ингэхдээ Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж, нийт 13 яамтай ажиллахаар болсон. Өнгөрөгч долоо хоногт Засгийн газраас бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өргөн барилаа. Мөн шинээр томилох гурван сайдын нэрийг өргөн барив. Тодруулбал, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор боллоо. Уг тогтоолын төсөлтэй зэрэгцэн ажлаас нь халах сайд нарын нэрсийг ч мөн өргөн барьсан. Тухайлбал, Ч.Улаан, Л.Болд, Ц.Баярсайхан, А.Гансүх, Д.Ганхуяг, Н.Батбаяр, М.Сономпил нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг мөн өргөн барилаа.
Ингэснээр Засгийн газар:
1. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам- С.Оюун
2. Батлан хамгаалах яам- Д.Бат-Эрдэнэ
3. Боловсрол, шинжлэх ухааны яам- Л.Гантөмөр
4. Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яам- Л.Пүрэвсүрэн
5. Сангийн яам- Д.Зоригт
6. Хууль зүйн яам- Х.Тэмүүжин
7. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам-
8. Соёл, спорт, аялал жуулчлалын яам- Ц.Оюунгэрэл
9. Уул уурхай, эрчим хүчний яам- Р.Жигжид
10. Хөдөлмөрийн яам- Я.Санжмятав
11. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам- С.Эрдэнэ
12. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам- Ш.Түвдэндорж
13. Эрүүл мэндийн яам- Н.Удвал гэсэн сайд нартай байхаар болов.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг одоогоор Засгийн газраас өргөн мэдүүлээгүй байгаа юм. Учир нь тус яамны сайдаар УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмонг томилох асуудал яригдаж эхэлсэн хэдий ч “Шударга ёс” эвслийн бүлгээс албан ёсоор нэрээ өгөх шийдвэр гараагүй учраас өргөн бариагүй гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн. Н.Батцэрэгийн нэрийг дэвшүүлсэн ч өргөн бариагүй байна.
Шинээр гурван сайд томилох асуудалд МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага аваад байна. Тиймээс бусад сайд нарт сайдгүй байгаа яамдыг давхар хариуцуулахаар болсон.
Энэ талаар МАН-ын бүлгийн гишүүд “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилж байгаа нь хариуцлагаас тусдаа асуудал гэдгийг өмнө нь олон удаа Ерөнхий сайдад сануулж байсан. Тэр дундаа Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарыг сайдаар улируулан ажиллуулах бус хариуцлага тооцохыг сануулж байсан. Энэхүү бүрэлдэхүүний саналд сайд Ц.Оюунгэрэл, Н.Удвал нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар Ерөнхий сайд шийдэж нэрийг нь оруулж ирсэнгүй” гэх хариултыг өгөөд байна. Мөн тэд Ерөнхийлөгчөөс санаачлан МАН-ын бүлгээс удаа дараа сануулж байгаа УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах асуудлыг халъя гэдгийг үл тоож “давхар дээл”-тэй сайд томилох гэж байгаа тул энэ асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
УИХ-д суудалтай намын бүлгүүдийн гишүүд хамтарч өнгөрөгч баасан гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлээд байна. Энэхүү тогтоолын төсөлд УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа нарын 28 гишүүн гарын үсэг зуржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгч хатагтай Дорис Бурестай албан ёсны уулзалт хийхийн зэрэгцээ Вена хотноо байрлах НҮБ-ын салбар төвийн байраар зочилж, Австри Улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэйгээ уулзан, Австрийн бизнес форумыг нээж үг хэлсэн юм. Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Италийн Милан хотноо болж буй Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд түвшний 10 дугаар уулзалтын нээлтийн ажиллагаанд оролцож үг хэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын канцлер Ангела Меркелтэй уулзав. Ангела Меркел Монголын улстөрд өрнөж буй сүүлийн үеийн мэдээллийг Ерөнхийлөгчөөс асууж сонирхсоны зэрэгцээ АСЕМ-ын 11 дүгээр чуулганыг Монгол Улс зохион байгуулахаар нэрээ дэвшүүлсэнд баяр хүргэж, Германы тал бүхий л талаар дэмжих болно гэдгээ илэрхийлсэн байна. Мөн хоёр тал хэд хэдэн асуудлаар санал бодлоо солилцсоны дотор Монгол Улстай шингэрүүлсэн нүүрсний төсөл дээр цаашид хамтран ажиллах боломжтойг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилжээ.
Эбола вирусын өвчлөл эрчимтэй тархаж байгаа энэ үед улс орон бүр иргэдээ анхаарал, болгоомжтой байхыг анхааруулаад байна. Манай улсын МХЕГ-аас Эбола вирусын талаарх анхааруулгыг иргэддээ хүргэж, урд хөрш рүү зорчихгүй байхыг анхаарууллаа. Учир нь БНХАУ-ын Бээжин хотын олон улсын нисэх онгоцны буудалд эбола вирусын халдвар тархах 97 хувийн магадлалтай байгааг ДЭМБ-ын судалгаагаар тогтоосон байна. Хэрэв Бээжинд уг өвчний тохиолдол бүртгэгдэх юм бол манай улсад тархах магадлал маш өндөр болох юм. Өнгөрөгч баасан гарагт Оросын Риа-Новостигийн мэдээлснээр тус улсын Орёл хотын их сургуульд суралцахаар ирсэн Африкийн хоёр оюутан эбола вирусын халдвартай байж болзошгүй гэнэ. Баруун Африкийн Гвиней-Биссау улсаас ирсэн 20 настай Монтеро Болде, 23 настай Монтеро Аюук гэх хоёр оюутанд эбола вирусын халдвартай төстэй шинж тэмдэг илэрсэн тул бусдаас тусгаарлан эмнэлэгт хөл хорьжээ. Монтерогийн эгч дүүс 37.3 С хүрч халуурсан нь эбола вирусын халдвар гэж сэжиглэх үндэс болсон аж. Тэд өнгөрсөн лхагва гарагт Москва хотын Домодедово нисэх буудалд газарджээ. Ер нь манайхан онцын шаардлагагүй бол хил гарахгүй байх нь чухал байна. Эбола вирусын шинж тэмдэг болоод урьдчилан сэргийлэх арга замыг ЭНДЭЭС уншаарай.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан анхны 168 айлын орон сууцыг өнгөрөгч долоо хоногт ашиглалтад орууллаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 24 байршлыг дахин төлөвлөлтөд хамруулахаар баталсан билээ.
Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газраас иргэддээ сэрэмжлүүлэг мэдээ хүргэж байна. Тус хэлтсийн алба хаагчид 77 түлхүүртэй 44 айлаас хулгай хийсэн Н гэгчийг үйлдэл дээр нь баривчилжээ. Тиймээс болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэддээ анхаарууллаа.
Одоо уншигч та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэе. Өнөөдөр буюу аравдугаар сарын 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 18-нд зарим газраар секундэд 12-14 метр, 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв, зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 2952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.