“Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын “Улирал ба зохиолч” сэтгүүлийн намрын дугаар №3 хэвлэгдэн гарч уншигч, захиалагчдынхаа гар дээр очлоо. Бид тус сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, СГЗ, яруу найрагч Данзангийн Нямаатай бичил ярилцлага хийсэн юм.
-“Улирал ба зохиолч” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт ямар шинэ уран бүтээлүүд оров?
- Яруу найрагч М.Уянсүхийн “Араатан” тууж, зохиолч Д.Энхболдын “Толгодын дундах ертөнц” өгүүллэг, яруу найрагч Лха.Батцэнгэлийн “Бурхан хунтан” дууль найраглал, Чилийн алдарт зохиолч Пабло Нерудагийн “Бичнэ гэдэг амьсгалахын нэр” гэсэн гарчигтай маш сонирхолтой хөөрөлдөөн гээд нэрлээд байвал сэтгүүлд орсон бүх бичвэрүүдээ нэрлэх хэрэг гарна шүү.
- Уншигчдын хувьд хүлээдэг болсон нэг зүйл бол нэрт яруу найрагч, ардын уран зохиолчдын нэрийн хуудас болсон шүлгүүд л дээ. Энэ дугаарт хэн гэдэг алдарт зохиолчийн ямар бүтээл гарсан бэ?
- Ардын уран зохиолч, СГЗ, яруу найрагч Тангадын Галсангийн “Өгсүүр замын дуулал” гэдэг шүлэг нь. Сайн шүлэг гэдэг ахин дахин унших бүр л улам шинээр нээгдэх юм. Гайхалтай яа, Галсан абугайд биширмүй гэж...
-Биширмүй гэснээс дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлээс хэний бүтээл гарч байгаа вэ?
-Японы алдарт зохиолч Акүтагава Рюносүкэгийн “Өргөмөл хүү”, “Бичтэй үзэлцсэн хавчийн түүх” гэсэн хоёр бичил өгүүллэг нь орсон доо. Монголын Орчуулагчдын Эвлэлээс орчуулагчдын дунд урьд өмнө нь орчуулагдаж байгаагүй сонгодог зохиолчдын бүтээлийг орчуулах уралдааныг зарласан юм. Дээрх хоёр өгүүллэг бол энэ уралдааны тэргүүн байрт шалгарсан өгүүллэгүүд юм.
- Анхны дугаарт “Монголын нууц товчоон бол суут бүтээл”, хоёр дахь дугаарт “Хүн төрөлхтний соёлын эрдэнэс Жангар тууль” гэсэн эрдэмтдийн судалгаа шинжилгээний ул суурьтай бүтээлүүд тавигдаж байсан. Энэ дугаарт мэдээж “Гэсэр”-ийн тухай байгаа болов уу?
-Тийм шүү, чи зөв хэлж байна. Доктор, профессор, яруу найрагч, утга зохиол судлаач Д.Сумьяагийн бичсэн “Монголын уран зохиолын гурван оргилын нэг нь Гэсэрийн тууж юм” гэсэн судалгааны өгүүлэл орсон.
- Бас бидний сонирхон уншдаг нэг юм бол зохиолчдын бие биендээ бичсэн захидал байдаг?
- Энэ дугаарт хүүхдийн нэрт зохиолч СГЗ Ж.Дашдондогийн яруу найрагч Ш.Сүрэнжавт бичсэн тун сонирхолтой захидал эх бичвэрийн хамт хэвлэгдсэн байгаа. Мөн “Алиус” хэмээх уран зохиолын бүлгэмийн авьяаслаг залуу шүлэгчдийн шинэ шүлгүүд орсон байгаа, ингээд яриад байвал сэтгүүлийнхээ бүх хуудсыг ярих болох нь ээ, уншигчдадаа бас заримыг нь үлдээе.
- "Улирал ба зохиолч" сэтгүүлийг хаанаас олж авах вэ?
- Интер номын дэлгүүр, Их дэлгүүрийн номын дэлгүүрээс авч уншиж болно. Бас "Монгол шуудан" болон "Улаанбаатар", "Түгээмэл", "Sky" шуудан компаниудын салбаруудад захиалж болно. Одоо дөрөвдүгээр улирлын нэмэлт захиалга явагдаж байгаа тул үнэхээр сонирхож байгаа хүн яаралтай захиалж болно. 2015 оноос улирал тутамдаа захиалагдаад явна даа.
- Ярилцсанд баярлалаа...
"Улирал ба зохиолч" сэтгүүлийн намрын дугаар хэвлэгдэн гарлаа | ||
Үзсэн: 2182 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.