Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн бямба гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ерөнхий сайдын мэдэгдснээр өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлт тавьсан аж. Үүний дагуу тавдугаар сард АН-ын гүйцэтгэх зөвлөл хуралдаж гэрээ шинэчлэн байгуулахыг зөвшөөрсөн байна.
Харин Ерөнхий сайдыг МАХН-тай гэрээ байгуулсны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ерөнхий сайдыг ийм шийдвэр гаргасанд цочирдсон гэдгээ хэлж, уг гэрээг эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдсэн юм. Түүнчлэн уг гэрээнд заасан зарим заалтуудыг нийслэлд хэрэгжүүлэхгүй гэдгээ ч хэлсэн.
Үүнээс гадна хотын дарга МАХН-тай ингэж гэрээ байгуулахын өмнө АН-ын ҮЗХ хуралдуулах ёстой байсан хэмээн бухимдсан бол Ерөнхий сайд өнгөрөгч 2012 онд АН-ын ҮЗХ хуралдаж МАХН-тай гэрээ байгуулах шийдвэр гаргасан. Энэ удаад зөвхөн тэр гэрээг шинэчилсэн, тэгээд ч Засгийн газраа унагаж МАНАН байгуулах хүсэлтэй хүмүүс л дахин ҮЗХ хуралдуулна биз хэмээсэн юм.
Нам нэгт нөхдийн маргаан ийнхүү ил цагаандаа гарч, олны анхаарлын төвд аль хэдийнээ орсон. Харин Засгийн газраа авч үлдэхийн тулд жижиг намуудтай нэгдэх замыг сонгосон Ерөнхий сайд эрхэм хотын даргад их л гомдсон бололтой. Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа “МАН-ынхан намайг хангалттай гүтгэж, доромжилж байхад миний найз Э.Бат-Үүл намайг ингэж түгжилдэх хэрэг юун, бид хоёр улсын хөгжил, Улаанбаатарын утааг арилгах тухай ярих цаг биш үү?” хэмээн бичжээ.
Ерөнхий сайд Э.Бат-Үүлд “гомджээ” | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.