Шууд Chart

"Монголын дуу хоолой" радио Гадаад явдлын яамтай хамтран Япон улсад сонсогч редакцийн уулзалт зохион байгууллаа

2014-10-22 15:45:17

“Монголын дуу хоолой” радиогийн Япон хэлний редакциас зохион байгуулсан “Сонсогч редакцийн уулзалт” аравдугаар сарын 11-ний өдрийн 13:00 цагт Япон дахь Монголын элчин сайдын яамны байранд эхэллээ.  Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, Монголын ёс заншил, түүх соёлыг сурталчлан таниулах зорилготой тус арга хэмжээг ГХЯ дэмжин ажилласан юм.


Уулзалтыг нээж МҮОНР-гийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, Япон хэлний редакцийн ахлах редактор С.Булган нар үг хэлэв.

Сонсогчдод редакцийн танилцуулга болон Япон хэлний редакцийн 25 жилийн ойд ирүүлсэн сонсогчийн мэндчилгээг дэлгэцээр үзүүлсэн юм. Уулзалт МҮОНР үүсэн байгуулагдсаны 80 жил, “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба үүссэний 50 жилийн ойд зориулсан “Монгол орныг хэн сайн мэдэх вэ?” уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслолоор үргэлжлэв. Түүний дараа Япон дахь “Монголын дуу хоолой” радиогийн сонсогчдын клубийн тэргүүн Оотакэ Тошимичи гуай уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт сонсогчид болон МҮОНР-гийн хамт олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Япон хэлний нэвтрүүлгийн “Монголд үйлдвэрлэв” булангаар танилцуулсан Алтан говь, Монос зэрэг компанийн бүтээгдэхүүний дээжээр сонсогчдыг дайлж, тэдэнтэй нэвтрүүлгийн сонсогдолт, агуулгын талаар халуун дотно яриа өрнүүлж, санал хүсэлтийг хүлээн авлаа. Сонсогчид санал сэтгэгдлээ илэн далангуй ярилцангаа ааруул, бяслаг, шоколаднаас амтархан хүртэж байв. Үүний дараа сонсогчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион явуулж, ялагчийг урамшууллаа.   
 

Асуулт: 

а. Монгол орны газар нутгийн хэмжээ хэд вэ?
б. Монгол орон хэдэн аймагтай вэ?
в. Наадмаар ямар тэмцээн уралдаан зохиогддог вэ?


Сонсогчдын дунд нэвтрүүлгээр танилцуулж байсан ардын уламжлалт шагайн наадгайг бодитоор үзүүлэх зорилгоор “Дөрвөн бэрх”, “Морь уралдах” зэрэг уралдааныг зохион байгууллаа. Наадгай тус бүрт таван хүн оролцсоноос тэргүүн байрын эзэнд “Монос” компанийн бүтээгдэхүүн “Салимон”, Алтанговь компанийн шоколад, Монгол шуудан компанийн маркны цуглуулга, Монголын мөнгөн дэвсгэрт зэргийг бэлэг болгон гардуулав.

“Сонсогч редакцийн уулзалт” сонсогчидтойгоо дурсгалын зураг авахуулснаар өндөрлөв.
10-р сарын 13-д Осака хотын Үндэсний угсаатны зүйн музейд “Сонсогч редакцийн уулзалт”-ыг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч хар салхи /тайфү/-ны улмаас арга хэмжээ харамсалтай нь цуцлагдсан. Гэсэн хэдий ч тэнд цугласан Монгол, Япон нийлсэн 60 гаруй хүнд редакцийнхаа үйл ажиллагааг танилцуулж, дэмжигч байгууллагуудын бүтээгдэхүүнийг дурсгал болгон өглөө.

Арга хэмжээнд оролцсон Монгол оюутан залуус редакцийн танилцуулгыг Япон иргэдэд дамжуулан өгөхөө илэрхийлж байв. Хар салхины улмаас уулзалтанд оролцох боломжгүй болсноо илэрхийлж хэд хэдэн сонсогч электрон шуудан ирүүлсэн байсан юм. Хэдий онц байдал зарлагдсан байсан ч уулзалтанд оролцохоор 3 сонсогч ирсэн байлаа. Тэдний нэг нь уралдааны тусгай байрын шагналт Кохара Микио гуай байв. Мөн сонсогч Үэмүра Акио “Та бүхэнтэй уулзаж байгаадаа маш их баяртай байна. Яг л зүүд шиг санагдаж байна” гэж уулзалтын үеэр сэтгэгдлээ илэрхийлж байлаа. Бид уран бичлэгээр бичүүлсэн нэрийг нь бэлэглэж, дурсгалын зураг авахуулснаар энэ өдрийн арга хэмжээ өндөрлөлөө.
 
Жич: Японы Токио, Оосака хотуудад зохион байгуулагдсан “Сонсогч редакцийн уулзалт”-ын талаар радиогийн 4 удаагийн цуврал нэвтрүүлэг, телевизийн нэг нэвтрүүлгийг тус бүр 30 минутаар хийхээр төлөвлөсөн. Үүнээс радиогийн нэг удаагийн нэвтрүүлэг 10-р сарын 13-ны өдрийн 14 цагаас Монгол орон даяар цацагдаж, олны хүртээл болсон.

            
Япон хэлний редакци
2014.10.20

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Монголын дуу хоолой" радио Гадаад явдлын яамтай хамтран Япон улсад сонсогч редакцийн уулзалт зохион байгууллаа  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй