
Өнөө өглөөнөөс УИХ-ын 20 гишүүний гар утсанд өөрийнх нь дугаараас УИХ-аар яригдаж буй зарим асуудалтай холбоотой мессеж ирэх болсон талаар онлайнд яригдаж эхэлсэн билээ. Зарим гишүүн ямар мессеж ирснийг цахим хуудсандаа нийтлэж олон нийтэд ил болгосон. Тэгвэл энэ талаар “Мобиком” группийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй “Бид өнөө өглөөнөөс хойш энэ мэдээллийг шалгалаа. Шалгахдаа “Юнител” компанитай хамтарч шалгалт хийсэн. Тэгэхэд манай хэрэглэгчид рүү явуулсан мессежийг Румынаас, Юнителийн хэрэглэгчид рүү явуулсан нь Мальта улсаас бичсэн болох нь тодорхой болсон. Мессеж явуулсан бүх сүлжээг хааж, тухайн операторт шаардах бичиг хүргүүлсэн байгаа. Энэ явдлыг бид сүүлийн үед Монголын нийгэмд өрнөөд буй улс төрийн халуун үйл явцад буруугаар нөлөөлөх гэсэн санаатай үйлдэл гэж харж байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шалгаж байгаа. Буруутныг нь олоод Монголын хууль тогтоомжийн дагуу шийтгэл хүлээлгэнэ. Бусдаар бол “Мобиком” хакердуулсан, мэдээлэл алдагдсан зүйл болоогүй” гэлээ.
Харин үүнтэй холбогдуулан Тагнуулын Ерөнхий газрын ОНХХ-ийн дарга Ж.Буяндалай “Нэр бүхий УИХ-ын гишүүд манай байгууллагад хандаж энэ асуудлыг тодруулж өгөхийг хүссэн. УИХ-аар хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн талаар, шийдвэр гаргахад нь нөлөөлөх зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, зүйл бусаар мессеж тарааж байгаа үйлдлийг манай байгууллага шалгаж байна. Уг асуудлын талаар үнэн бодит мэдээлэл өгч, манайхтай хамтран ажиллахыг иргэд, сэтгүүлч та бүхнээс хүсч байна. Асуудал тодорхой болсон үед эргэн тодорхой мэдээлэл өгөх болно” гэв.
Өнөө өглөө С.Дэмбэрэл гишүүний утсанд өөрийнх нь дугаараас мессеж ирсэн нь энэ асуудлын эхлэл байсан аж. Тэрбээр утсанд нь мессеж ирсэн даруйд “Мобиком” группт хандсан гэнэ. Энэхүү мессежүүд тухайн дугаарын эзэнтэй огт холбогдохгүй бөгөөд интернет орчноос олон нийтэд цацагдсан гэж албаныхан мэдээлж байна. Тэгвэл ийм боломж байдаг эсэх талаар тодруулахаар “google” хайлтын системийг ашиглалаа. Гүүглээр "anonymous sms" гэж бичээд хайлт хийхэд, энэ үйлчилгээг үзүүлдэг маш олон сайт байна. Эдгээрийн зорилго нь хүмүүс зүгээр л бие биеэ хуурч, тоглоом хийх аж. Сайт болгоны хэрэглэх нөхцөл дээр "Хариуцлагыг нь бид үүрэхгүй", "Хэрвээ хуулийн байгууллагууд хандвал хэрэглэсэн хүнийх нь бүх мэдээллийг гаргаж өгнө" гэсэн байх юм. Энэхүү үйлчилгээг онлайнаар төлбөр төлж авдаг бөгөөд буруутныг хайж олоход хүндрэл гарахгүй ажээ.
Гишүүд рүү хэн мессеж бичсэн бэ | ||
Үзсэн: 1832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.