Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
Өнгөрсөн бямба гарагт АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоёр нам 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дараа “нууц” гэсэн тодотголтой дээрх гэрээний хавсралт материал гарч ирсэн юм. Уг хавсралт гэх материал гарч ирсний дараа хоёр намын дарга нууц гэрээ байгуулаагүй, бид энэ талаар холбогдох албаныханд шалгуулна гэж мэдээлж байсан. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон гэж мэдэгдлээ. Ийнхүү Тагнуулын ерөнхий газрыг мэдээлэл хийсний дараа МАН-аас мэдээлэл хийсэн юм. Тэд Н.Дэмбэрэлийг уг гэрээ байгуулахаас өмнө ажлаасаа гарсан байсан тул энэ хэрэгт ямар ч холбоогүй гэв. Түүнчлэн Н.Дэмбэрэлийг шалгаагүй байж хилс хэрэгт гүтгэж байна гээд худлаа мэдээлэл өгсөн тагнуулынхныг шалгуулна. Тэд хууль зөрчин ажлын байранд орж ирж, хард диск хурааж авсан гэж мэдэгдлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншаарай.
Энэ долоо хоногт УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 51 гишүүний 43 нь буюу 84.3 хувь нь дэмжсэн юм. Уг тогтоолын төслийн өнгөрөгч баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталлаа. Энэ тогтоол батлагдсанаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж байгаа юм.
Хачирхалтай нэг зүйл энэ долоо хоногт боллоо. Ингэж тодотгох учир нь УИХ-ын гишүүдээс зарим иргэнд, гишүүдийн дугаараас өөрт нь “1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3. гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү..." гэх мессеж ирсэн юм. Үүнтэй холбогдуулан “Мобиком” группийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй, дэд захирал М.Энхсайхан нар баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС унших боломжтой.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар мөн уг асуудлаар баасан гарагт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг "Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр тойргийн сонгогчдод болон нийтэд тараасан үйлдэл гарлаа. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ. Иймд Улсын Их Хурлын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээсэн гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
“Шударга ёс” эвслийн бүлгээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар Н.Батцэрэгийн нэрийг дэвшүүлсэн ч өргөн бариагүй тухай бид өмнөх долоо хоногийн онцлох мэдээллээр уншигч танд хүргэж байсан. Тэгвэл энэ долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналыг өргөн мэдүүллээ.
2014 онд баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч "Google" компанитай хамтран Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлж байна. Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр энэ сарын 22 -нд Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийлээ. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншина уу.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан” /БНҮҮС/-гийн санхүүжилтээр үүрэн холбооны үйлчилгээ, интернэтийн сүлжээ хүрээгүй алслагдсан сум, суурин газарт утасгүй холбооны үйлчилгээг хүргэх, түүн дээр суурилсан үйлчилгээ, хэрэглээг бий болгох зорилготой төслүүдийг хэрэгжүүлсээр байна. Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумыг үүрэн холбооны болон интернэтийн сүлжээнд холбох төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Ингэснээр нутгийн цаатан иргэд харилцаа холбооны үйлчилгээг хүссэн цагтаа ашиглах боломжтой болов.
Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд дуудлага авах 107 тусгай дугаар ажиллаж эхэллээ. Энэхүү дугаараар Гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх төрлийн мэдээлэл дуудлагыг авах юм байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсвэл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг хамгаалах ажлыг Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа тус Түр хамгаалах байранд явуулж байгаа юм. Тус төв нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж хохирогчдыг 3-10 хоног байрлуулан тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг аж.
Нийслэлийн Засаг даргын 2008 оны 191 тоот захирамжийн дагуу газрын хөрсний хөлдөлт, гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон үе буюу 2014 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын хооронд нийслэл хотын авто замын сүлжээгээр зорчих хүнд даацын том оврын авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа. Хязгаарлалтад 22-ын товчоо, Баянзүрхийн товчоо, Яармагийн товчооноос дотогш замууд хамаарна. Иймд хүнд даацын ачааны авто машинтай иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг энэхүү захирамжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн замын цагдаагийн газраас анхаарууллаа. Энэхүү арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20-ны хооронд авч хэрэгжүүлдэг. Тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг хоёр тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 18 тн, гурван тэнхлэгтэй авто тээврийн хэрэгсэлд 24 тн-оос хэтрэхгүй байхаар хязгаарлалтыг хийдэг юм байна.
АНУ-аас хоёр сарын турш тээвэрлэгдэн ирж буй Монголын соёлын өв 22 үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа энэ долоо хоногт боллоо. Энэхүү соёлын өвийг тээвэрлэх, даатгах, бүртгэх, хүлээн авах, үзэсгэлэн зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд “Туушин” компани, “Бодь даатгал”, Нийслэлийн Цагдаагийн газар, Улаанбаатар хотын Гаалийн газар, Үлэг гүрвэлийн төв музей зэрэг байгууллагууд хамтран ажиллажээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар эболагийн тархалт өндөр байгаа бүс нутгийн иргэдэд тодорхойгүй хугацаагаар хувийн урилга, виз олгохгүй гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдээлэв. Тус байгууллагаас “Манай байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх чиг үүргийнхээ хүрээнд иргэд эбола цусархаг халууралт халдварт өвчин бүртгэгдсэн бүс нутаг, улсад зорчихоос зайлсхийж, холбогдох улсын иргэдийг урихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Мөн энэ долоо хоногт Эрүүл мэндийн сайд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар байнгын хороон дээр танилцуулга хийсэн. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС уншаарай. Иргэн та хэрэв халуурах, ядрах, толгой хүчтэй өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын 70110500 шуурхай утас руу хандаарай.
Энэ долоо хоногт зам тээврийн ослоор амь үрэгдэгсдийг эргэн дурсаж, энэхүү "хар тахал"-аас үүдэн гарах хор хохирлоос жолооч, явган зорчигчдыг сэрэмжлүүлэх өдөр тохиолоо. Зам тээврийн ослын улмаас дэлхий дээр жил бүр 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн тахир дутуу болж байгаа гэх харамсалтай тоо баримт байна.
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.