Шууд Chart

“Яруу эгшиглэн-2014” наадмын шилдгээр Б.Жамбалдорж шалгарав

2014-10-27 10:20:30

Олны дунд “Сумын заан”, “Байрны хүүхдүүд” гэх мэт утга яруу уран бүтээлээрээ мөнхөрч үлдсэн яруу найрагч Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит “Яруу эгшиглэн-2014” яруу найргийн наадам энэ сарын 25-нд болж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмын энэ жилийн шилдэг яруу найрагчаар Үндэсний олон нийтийн MNB.mn сайтын сурвалжлагч Б.Жамбалдорж шалгарав. Харин тэмцээний хоёрдугаар байрт Г.Хашбаатар, гуравдугаарт С.Начин, Х.Дугарсүрэн нар удаалжээ.

Наадмын нэгдүгээр шатанд 46 оролцогч шүлгээ ирүүлснээс 20 яруу найрагч шүлгээ уншиж, сонордуулсан юм. Ингээд уншигч та бүхэндээ тэргүүн байрын эзэн Б.Жамбалдоржийн гурван шатанд өрсөлдсөн яруу найргийг хүргэж байна. Тэрбээр энэ наадамд “Охидоо хүлээхүй” шүлгээрээ тэргүүлсэн билээ.
    

                 Охидоо хүлээхүй
1.
Нисэхээс буцахад нэг л гунигтай
Нимгэн далавчит харахаас эмзэг
Зоримогоор тамхиа асаагаад эргэхүйд
Зовлон ч бас сайхан санагддагсан
Эргэн тойрныг манан залгисан өдрүүдийг
Эргэж бодоход сэтгэлд хөндүүр төрөмгүй
Дэлхийн бөмбөрцөгийг хайрлах хүсэл
Дэргэдээс холдоно гэхэд итгэмгүй
Илэх бүр алганы минь хонхорт үлддэг
Ихэр охины хөдөлгөөн шиг сайхан зүйл үгүй ээ
2.
Төрөхийн өрөөний жижиг дөрвөлжин салхивчны дэргэд
Төмөр зүрхтэй ч юм шиг өөрийгөө зоригжуулж
Сонсох бүр хоолойд тээглэх нялхсын цуурайнд
Согтуу юм шиг сандчин байхуйд
Сэтгэлд хамгийн дулаахнаар мандсан нар чи боллоо
Халуун саванд сэтгэлээ уудлан зөөсөөр
Хамгийн жаргалтай өдрүүд бидний дунд эхэллээ

 

                Бороотой дурсамж

Эмээлтэй хээр морины шанхнаас ус дуслах ч сайхан л байдагсан
Ээж үхрээ сааж дуусаад бороонд шалба норчихсон орж ирдэгсэн
Энэ бүхнийг сэтгэлд мартахын учиргүй үлдээсэн нь
Ээрсэн бүргэдийн бараатай ч цасны жавартай уул юм
Улин суух чоно тэнгэрээ аргадаж зоригоо ирлэнэ
Ууль шувуу нь шөнийг үймүүлж айдас төрүүлнэ
Хотолсон хонь дотроосоо үргэх нь далайн түрлэг шиг сонсогдоно
Хорвоогийн тухай бодсоор зүүдний сэжүүр олно
Бугуйл эвхэх шиг цаг хугацаа өнгөрч
Булгийн усан дээр буугаад магнайгаа норгох шиг сэтгэл хөндүүрлэнэ
Үүр хаяарахын өмнө тэмээнд ачааллаад нутаг сэлгэн одох шиг
Үргэлжийн бороотой дурсамж нэг л өглөө сэргэнэ


                 Ээжийгээ санахуй

Шуурга адил сэтгэлээ хуучин савлуур дээр тогтоож
Сумын төвийн эль хульд ууснам
Цэцэрлэгийн хашаанаас өндөр ургасан зэрлэгний үнэр мэт
Цээж  дэвтээх хуучин дурсамж сэргэнэ
Ижий минь анх энэ замаар намайг хөтлөн 
Инээд шуугианаар дүүрэн цонхны дор зогсож
Захыг минь засаж, зөөлөн үнэрлээд  оруулж байлаа
Дагаж уйлсаар өмөлзөн үлдэж
Дандаа л муу ижийдээ эрхэлж явж дээ
Гүйж ирээд дээгүүр нь үсэрдэг
Гүн дурсамжит цэцэрлэгийн тоглоом ч хуучин янзаараа
Гэвч нэг зүйл дутуу...



 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

“Яруу эгшиглэн-2014” наадмын шилдгээр Б.Жамбалдорж шалгарав   
Үзсэн: 2110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-11-04 21:51
saihn shuleg bn
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-10-28 09:20
Bayar hurgej uran buteelin amjilt husie

Бидэнтэй нэгдээрэй