
12 настнууд минь ямар дайрлагад өртөөд байна вэ. Саяхан хөдөлгөөнт эргүүлийн машинд 12 настай бяцхан охин дайруулж, амь үрэгдсэн бол өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт 12 настай хүү сургууль дээрээ тоглож байгаад амь насаа алдсан байна. Тодруулбал, Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн 12 настай сурагчид нэгнийхээ хоолойг боож, ухаан алдуулан тоглож байгаад Н гэгч сурагчийг боож ухаан алдуулсан боловч харамсалтайгаар хүү буцаж сэргэсэнгүй.
Хүүг амиа алдсаныг мэдмэгц ангийнхан нь сургуулийнхаа хашаанд амиа егүүтгэсэн байдалтай гаргаад орхижээ. Харин сургуулийн удирдлагуудын зүгээс тухайн өдрийн 16.00 цагт гэрийнхэн рүү нь утасдаж, “Хүүгийн бие тааруу байна. Сургууль дээр хурдан ир” гэж залгасан байна. Улмаар хүүгийн ээж сургууль дээр очсон боловч хүү нь аль хэдийнэ амьсгал хураасан байжээ.
Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бөгөөд сургуулийнхан нь хүүг амиа хорлосон гэж мэдүүлж байгаа аж. Бүр тэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ангийнхаа нэг охинд дурласан, өнөөх охин нь тоогоогүй учир ийнхүү амиа хорлосон гэж ярих болсон байна. Хүүгийн ангийнхан ч энэ асуудалд сургуулийн удирдлагуудын ярьж байгаатай ижил зүйл ярих болжээ. Харин энэ талаар хүүгийн ээж “12 настай хүүхдүүдийн хайр дурлал гэж юу байх вэ дээ. Амиа хорлотлоо дурлана гэж бүр ч байхгүй. Хүүгийн минь амь насанд хүрчихээд ийм утгагүй мэдүүлэг өгч байгаад гомдолтой байна” гэлээ.
Сургуулийн удирдлагуудаас тодорхой мэдээлэл авахаар залгасан боловч мэдээлэл өгөхөөс эрс татгалзав. Тэд “Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бид эмнэлгийн дүгнэлт гартал ямар ч мэдээлэл өгөхгүй” гэв.
Удирдлагууд яагаад энэ хэргийн талаарх мэдээллийг нууцлаад байна вэ. Хүүхдүүд тийм аюултай үйлдлээр тоглож байхаад анги удирдсан багш хаана байв. Яаралтай түргэн тусламж үзүүлэх сургуулийн эмч яагаад арга хэмжээ авч чадсангүй вэ гэх олон асуулт энэ хэрэгтэй холбогдон гарч ирнэ.
Магадгүй өөрсдийн хариуцлагагүй байдлыг “амиа егүүтгэсэн” гэх шалтгаанаар нуун, далдлах гэсэн үйлдэл байж мэдэх. Үнэндээ 12 настай хүүхэд хайр дурлалын асуудлаас болж амиа хорлосон гэвэл шалтаг мэт сонсогдох аж.
Энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Хэрвээ эцэг, эхчүүд охиндоо, хүүдээ зам хөндлөн гарахдаа ногоон гэрлээр болгоомжтой зорчихыг сануулсан бол ямар тоглоомоор тоглож болдог, болдоггүйн тухай ярьсан бол өнөөдрийн энэ аймшигт хэргүүд гарахгүй байсан ч байж мэдэх. Үүнийг уншиж буй уншигч та гар утсаа аваад сургууль руугаа явсан дүүдээ, хүүхэддээ тоглоом тоотой нь дээр гэдгийг сануулаарай, тайлбарлаарай... Өөртөө зав гаргаж хүүхдээ сургуулиас нь заавал очиж авч хэвшээрэй...
Тээж төрүүлээд өрөөл бусдын гарт үрэгдүүлээд байх хүүхэд бидэнд байхгүй шүү дээ. Тоглоом тоотой нь дээр гэдэг....
Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.
Тоглоом тоотой нь дээр гэдэг дээ... | ||
Үзсэн: 2885 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.