
Энэ сарын 12-нд Сүхбаатар аймгийн Сүхбааатар сумын нутагт хээрийн түймэр гарсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. Тухайн үед аймгийн онцгой байдлын газар, сумын онцгой байдлын хэлтэс галыг бүрэн унтрааж, хүлээлгэж өгсөн гэж байсан бөгөөд галын шалтгаан, хохирлын хэмжээ тогтоогдоогүй байсан юм. Энэ талаар тодруулахаар тус аймгийн Засаг дарга Ц.Эрдэнэтэй холбогдлоо. Тэрбээр “Түймрийн улмаас гурван айлын зургаан гэр, зуу гаруй адуу, 60 гаруй үхэр, нэг автомашин шатсан. Азаар хүн өртөөгүй. Гэхдээ гурван айл орох орон, унах унаагүй хотоо харлуулан үлдлээ. Их хэмжээний газар нутаг галд автсан гээд тоочвол хохирол их байна. Хамгийн гол нь хээрийн түймэр тавьсан буруутныг олоход хэцүү байдаг. Өвс их ургасан үед машины янданд орооцолдсон өвсөнд гал авалцаж, түймэр гарах нь бий. Ноднин жил л гэхэд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд гарсан түймэр манай сум руу орж ирж, их хэмжээний хохирол учирсан. Энэ мэтчилэн түймэрт мал, орон гэрээ алдсан малчид хохирлоо барагдуулж чадахгүйд хүрдэг” гэв.
Түймрийн бүсэд байсан малчид “Бэлчээрт байсан ихэнх амьтад түймэрт өртөж, газар дээрээ үрэгдэж байсан ч зарим адуу, үхэр шатсан хэрнээ гэрийнхээ гадаа ирж янцгааж, мөөрч байсан нь сэтгэл өвтгөж, зүрх зүсч байсан” хэмээн ярьж байлаа.
Хээрийн түймрээс болж гурван айл хотоо харлуулжээ | ||
Үзсэн: 1835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.