
Энэ сарын 27-нд “Берлин бургер” сүлжээ хоолны газрын Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын дэргэдэх салбарт хооллосон үйлчлүүлэгчийн авсан хачиртай баншнаас жоомны толгой гарсан гэх мэдээлэл олон нийтийн хуудсанд тавигджээ. Үүнтэй холбогдуулан "Макс" группын “Макс хүнс” салбарын Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Жамбалдоржтой холбогдлоо. Тэрбээр “Энэ мэдээлэл огт үндэслэлгүй. Хэргийг шүүхийн байгууллагаар шалгуулж байна. Үйлчлүүлэгчийн хоолноос гарч ирсэн тэр тасархай жоом гээд байгаа нь их шарагдсан махны тасархай байсан. Бид ариутгал, шинжилгээний ажлыг маш сайн гүйцэтгэдэг. Жоом гэх зураг тараасан хэрэглэгч бидэнтэй хэд хэдэн удаа холбогдсон. “Танай компанийн мэдээллийг хэвлэлээр цацна, сэтгүүлчтэй явж байна” гэх мэтээр их сүрдүүлсэн. Тиймээс бид тэр хүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа” гэлээ.
Харин энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга П.Бат-Эрдэнэ “Манайд үүнтэй холбоотой мэдээлэл ирээгүй байна. Үйлчлүүлсэн газраас нь ийм зөрчил илэрвэл иргэд Мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор шалгуулах хүсэлт тавих эрхтэй. Ер нь нийтийн хоолны ийм үйлчилгээг манай байгууллагаас эрсдэлтэй, эрсдэлгүй гэж ялгаж шалгалт хийдэг. Эрсдэлтэй байгууллагуудад сар бүр шалгалт хийдэг бол эрсдэлгүй байгууллагыг шалгадаггүй. Энэ талаарх мэдээлэл бидэнд албан ёсоор ирвэл бид шалгана” гэв.
Жоомны толгой гарч ирсэн гэж мэдээлэл цацсан үйлчлүүлэгчийн хувьд “Яг хоолонд орж байхад энэ зүйл гарч ирсэн. Тухайн үед “жоомны тасархай бие” мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа одоо үйлчлүүлэгч та андуу харсан байна. Та бүхний харж байгаа энэ зүйл зүгээр л хоолны үлдэгдэл байсан гэж байна. Эрүүл хүн жоомны тасарсан бие, хоолны үлдэгдэл хоёрыг ялгаж харахгүй байна гэж байх уу” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
Түүний цахим хуудсаар тараасан зургийг хүргэж байна.
“Берлин бургерийн хоолноос жоом гараагүй” гэв | ||
Үзсэн: 2751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.